Их Британийн иргэн нэгэн эр одоогоос 16 жилийн өмнө ХДХВ-ийн халдвартай хэмээн оношлогджээ. Ингээд зогсохгүй 2012 онд түүнийг Ходкиний өвчин хэмээх нэг төрлийн хорт хавдартай болохыг эмч нар оношилсон аж. Хөөрхий залуу хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж, ясны донорын тусламжтайгаар чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон байна. Үүний зэрэгцээ тэрээр ХДХВ-ийн эсрэг үүдэл эсийн эмчилгээг ч хийлгэсэн аж.
Гэтэл саяхан санаанд оромгүй гайхалтай зүйл болж түүний цуснаас авсан шинжилгээгээр ДОХ-ын халдвар уг эрийн биенээс ор мөргүй алга болжээ. Энэ бол ХДХВ-ийн халдвар авсан хүн цоо эрүүл болсон түүхэн дэх хоёр дахь тохиолдол гэж хэлж болно. Үүнээс өмнө Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны домогт тамирчин Эрвин Мэжик Жонсон 1980-аад оны үед ДОХ туссан мөртлөө удаан хугацааны уйгагүй эмчилгээний эцэст эрүүл болж, эмч нарыг гайхашруулж байсан түүхтэй. Нэрийг нь нууцалж байгаа англи эрэгтэйн хувьд тэрээр сүүлийн 18 сарын турш ХДХВ-ийн эсрэг эмийг тасралтгүй хэрэглэсэн бөгөөд саяхнаас эхэлж ямар нэгэн эмчилгээ хийлгэхээ зогсоосон юм.
Түүний хэрхэн, яаж эрүүл болсон энэ гайхалтай тохиолдлыг Лондонгийн коллеж, Империаль коллеж, Кембриж, Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг судалж эхлээд байгаа ч одоогоор ямар нэгэн дүгнэлт хийж амжаагүй байна. Алдарт сагсчин Мэжик Жонсон болон дэлхий даяар сүүлийн өдрүүдэд “Англи өвчтөн” гэсэн нэрээр алдаршаад байгаа Британи залуу хоёрын энэ тохиолдол ХДХВ-ийн халдвартай олон сая хүнд найдвар төрүүлж байна хэмээн хэлж чадахгүй ч хүн төрөлхтөн ирээдүйд энэ аймшигт өвчнийг эмчилж чадна гэсэн итгэлийг эмч нарт бий болгож чадлаа гэж хэлж болно.
Эх сурвалж: CNN, BBC