Өчигдөр (2019.03.05) ЭЦГ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нараас байцаалт авч, тэднийг Ганцхудагийн урьдчилсан хорих төвд цагдан хорьсон.
Мөн өдрийн 16 цаг орчимд ЭЦГ-ынхан баривчлагдсан гурван хүний ажлын байр, гэрт нь нэгжлэг хийсэн байгаа. Өнөө өглөө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэргийг луйвар, мөнгө угаалт гэж нэрлээд Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал зарласан гэж мэдэгдээд байна.
Тэдэнд Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаагаа цагдаагийн байгууллага тодорхой тайлбарлахгүй байна. ЭЦГ өчигдөр (2019.03.05) прокурорын байгууллагад Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорьж шалгах шаардлагатай байгаа мэдэгдсэн албан бичгээ илгээж, зөвшөөрөл хүссэн ч ажлын цаг дууссан тул хяналтын прокурор уг зөвшөөрлөө цагдан хорих шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага шүүх рүү дамжуулж амжаагүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Яг одоо өдрийн 12.18 цаг болж байна. Шүүх одоо ч ЭЦГ-ын дээрх гурван хүнийг цагдан хорих хүсэлт, хяналтын прокурорын шийдвэр, цагдан хорих хүсэлтийг хүлээж аваагүй байгаа аж. Энэ нь ХХБ-ны удирдлагууд өчигдрөөс хойш шүүхийн зөвшөөрөлгүй хоригдож байна гэсэн үг юм.
2 comments
худлаа сүржигнэж хүн хорьж байхаар эртхэн баримт бичгээ бэлдээд зөвшөөрөл авах хэрэгтэй дээ болохгүй бол тавиад явуулна л биз дээ
Хууль байдгийг одоо л гэнэт санаж гэнэ дээ.