Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл үр хүүхдүүд нь үе дамжин Зэвсэгт хүчинд алба хааж яваа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ижий нарыг алдаршуулан өргөмжлөх, тэдний гавьяа зүтгэлийг нийтэд сурталчлах зорилготойгоор “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр (2019.03.05) зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас санаачлан ЗХЖШ-тай хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан өдгөө 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна.
Өнөөдөр мөн өнгөрсөн жил Хатан ижий өргөмжлөлийг хүртсэн ээжүүд ч бас ирсэн байлаа.
“Хатан ижий 2019” хүндэтгэлийн арга хэмжээнд энэ жил Ховд, Дундговь, Өвөрхангай, Дорнод аймгаас шалгарсан есөн ээж оролцсон бөгөөд нийт 30 ээжийн материал иржээ. Энэ жилийн хувьд шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан Өөдөсийн Марууш нь энэ удаагийн Хатан ижий нарын хамгийн ахмад нь байлаа. 84 настай энэ буурай 14 хүүхэд төрүүлж өсгөснөөс 13 хүүхэд нь Зэвсэгт хүчинд ажиллаж, ураг удмаа залган төрдөө зүтгэж байгаагаараа онцлогтой юм.
Өнгөрсөн жилүүд болон өнөө жил өргөмжлөл хүртсэн нийт ээжүүдийн хамгийн залуу нь 47, хамгийн ахмад нь 91 настай бөгөөд 4-14 хүүхэд төрүүлж өсгөжээ. Тэдний гэр бүлээс Зэвсэгт хүчинд 4-13 хүн алба хаадаг аж.
Ингээд хүндэтгэлийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө энэ жилийн хамгийн ахмад буурай Ө.Марууш гуайтай уулзаж цөөн хором ч болов сэтгэгдлийг нь сонслоо.
-Танд юун түрүүнд баяр хүргэе. Сэтгэгдэл үнэхээр таатай сайхан байгаа байх. Бидэнтэй тэр сайхан сэтгэгдлээсээ хуваалцаач.
-Хүүхдүүдийнхээ, мөн олны хүчинд ийм сайхан юм ирж үзэж байгаадаа баярлаж байна. Маш их баяртай байна даа.
-Та аль нутгийн хүн бэ. Ямар ажил хөдөлмөр эрхэлж байв?
-Би Өвөрхангай аймгийн хүн. Ээж аавтайгаа хөдөө насаараа амьдарч байгаад л ханьтайгаа гэр бүл болж, 14 хүүхэдтэй болсон. Нэгдлийн хонь хариулдаг байлаа. 30-аад жил мал хариулж явлаа.
-Таны 14 хүүхдийн хэд нь охин, хэд нь хүү вэ. Тэд хэдээс хэдэн настай вэ?
-Манайх 8 хүү, 6 охинтой. Тэд маань 39-64 настай. Энэ хэдэн хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар малаа саана, өвөл нь малаа онд мэнд оруулчих гээд л, тиймэрхүү байдалтай амьдарч байгаад өдий хүртэл нь өсгөлөө. Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэлээ.
-Аав нь армийн хүн үү?
-Аав нь хил дээр таван жил болоод ирсэн. Тухайн үедээ тэгж, ингэж байлдлаа гэдэг ч юм уу, тодорхой юм ярьдаггүй байсан юм. Тэр үед байлдаантай газар байж байгаад л ирсэн юм гэсэн.
-Та урт насалж удаан жаргаарай.
Ингээд албан ёсоор арга хэмжээ эхэлсэн тул бидний яриа өндөрлөлөө.
Ийнхүү “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж, Ө.Марууш, н.Шүрэнцэцэг, Р.Пагмадулам, Р.Нарандулам, Б.Хандаа, П.Норолхожав, Ц.Хишигбуян, н.Наранцэцэг, О.Дуламрагчаа нарыг “Хатан ижий”-гээр өргөмжлөн алдаршууллаа.
Энэ онд төр засаг, үр хүүхдүүдийнхээ төлөө сайн сайхны залбирал өргөдөг ижий нарынхаа сэтгэл шингэсэн “Зэвсэгт хүчний Хатан ижий” номыг өлгийдөн авахаар бэлтгэл ажлаа хангажээ.