БНХАУ-ын эрх баригчид Канадын хоёр иргэнийг тагнуул хийсэн хэрэгт буруутгасан байна. Хэрэг явдал “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-д шилжүүлэн өгөх тухай асуудал өрнөж, БНХАУ-Канадын хооронд хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаа энэ үед сөхөгдөж байгаа нь анхаарал татаж байна.
М.Ваньжоуг Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн сэжиглэж, өнгөрсөн оны 12 дугаар сард Канадад баривчилсаны дараа Канадын дипломат асан Майкл Ковриг болон бизнес эрхлэгч Майкл Спавор нарыг БНХАУ-д баривчлагдсан юм.
М.Ваньжоу өөрийг нь баривчилсантай холбогдуулан Канадын эрх баригчдыг өнгөрсөн ням гарагт шүүхэд өгсөн байна. М.Ваньжоуг баривчилсныг БНХАУ зэмлэн буруушаасаар ирсэн юм.
Уг дипломат маргаан нь Канад-БНХАУ-ын харилцаанд сэв суулгасан ба БНХАУ-ын эрх баригчид Канадын хоёр иргэнийг баривчилсан нь М.Ваньжоуг Канадад баривчилсаны хариу үйлдэл мэт харагдаж байна.
Канадын эрх баригчид өнгөрсөн баасан гарагт М.Ваньжоуг АНУ-д шилжүүлэн өгөх ажиллагааг эхлүүлсэн боловч хуулийн процесс удаан үргэлжлэх төлөвтэй байгаа юм.
Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, Канадын Засгийн газар баривчлагдсан хоёр иргэний талаархи БНХАУ-ын байр сууринд санаа зовниж байна гэжээ. Мөн тэрбээр, БНХАУ дур зоргоороо баривчилгаа хийж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Өмнө нь хоёр иргэнийг суллахыг Ж.Трюдо уриалж байсан билээ.