Гашуунсухайт боомтоор өчигдөр (2019.03.01) иргэн А улсын хилээр орох чиглэлд зорчихдоо өмссөн хувцас болон биедээ 50 боодол, 640 грамм, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисыг, тугалган цаасны хамт авч явж байжээ. Үүнийг Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлсэн байна.
Өмнө нь буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ний өдөр мөн импортоор зорчсон Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээд биедээ хар тамхи нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан. Түүнээс олон сая төгрөгийн үнэ бүхий мансууруулах бодис болох “мөс” илрүүлж, тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж илрүүлсэн байдаг.
Иргэд хар тамхи болон мансууруулах бодисыг биедээ нууж хилээр оруулж ирэхийг завдахаас гадна олон улсын шуудан илгээмжээр оруулж ирэхийг завдсан хэд хэдэн тохиолдол гарсан билээ. Гаалийн байгууллага мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 5 удаагийн үйлдлийг өмнө нь илрүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад байгууллагатай хамтарсан арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерландаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тогтоож, таслан зогсоосон юм.
Тухайлбал: 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс ЛСД 3 ширхэг, Хашиш 20 гр, Экстази 5 ширхэг байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Нидерланд улсаас 10 ширхэг ЛСД,
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Герман улсаас 50 гр “Экстази” ,
2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Малайз улсаас ирсэн “ургамалын үр”-нүүдээс хар тамхины агууламж илэрсэн.
Тайланд улсаас ирсэн буухиа илгээмжийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис байж болзошгүй үндэслэлээр шалгахад 258 грамм мөс байгааг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт 5-8 жилийн хорих ял мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд мөн 2-8 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Зөрчил, гэмт хэрэгт ихэвчлэн 20-30 насны хүмүүс холбогдож байгаа тул эцэг эхчүүд өсвөр насны хүүхэд, залууст тавих хараа хяналтаа сайжруулж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгааболон үерхэж нөхөрлөж буй найз нөхдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч, захиалагч, худалдан авагч болохоос сэрэмжлүүлэхийг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.
1 comment
Хилээр нүүрс зөөдөг жолооч нар мөс оруулж ирдэг гэж олон жилийн өмнө яригдаж байсан. Сайн сургасан үнэрч нохой олноор нь бэлтгэж, хүн сургах хэрэгцээ өндөр бн. Хилээр гарч буй иргэн, машиныг заавал үнэртүүлж чадвал илрүүлэлт сайжирна