Монгол ардын нам байгуулагдсаны 98 жилийн ой, “Эх орончдын баярын өдөр”-т зориулсан баярын хурал Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө.
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баярын хурлыг нээж “Эх орончдын өдөр”, улс төрийн ууган хүчин Монгол ардын нам байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлээд, “МАН 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлан удирдаж эдийн засаг аж ахуйн хувьд хоцрогдсон соёл боловсрол дорой, цөөн хүн амтай, өвчин эмгэгт баригдаж, мөхлийн ирмэгт ирсэн улс гэгдэж байсан буурай улс орноо сэргээн босгож, хөгжүүлэх хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлсэн түүхэн гавьяатай нам юм.
Манай нам тусгаар улсаа сэргээн байгуулж анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн, Нэгдсэн Үндэсний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болгож чадсан түүхэн гавьяатай улс төрийн ууган хүчин.
Мөн нийтийг хамарсан соёлын довтолгоог амжилттай зохион байгуулж шинжлэх ухаан,боловсрол,соёл урлагийн салбараа хөгжүүлэх, гадаад харилцаагаа өргөтгөн бэхжүүлэх, Монголын тамирчид дэлхийн дэвжээнд бахдам сайхан амжилт гаргах, шинэ үйлдвэр завод байгуулах,орон сууцжуулах,дэд бүтцийг сайжруулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг МАН түүхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн нам.
МАН 1990 оны улс төр,эдийн засаг,нийгмийн шинэчлэлийг эхнээс нь дэмжиж,үймээн самуун нийгмийн тогтворгүй байдал үүссэн хүнд үед ухаалаг хүлээцтэй хандаж улс орноо өөрчлөлт шинэчлэлтийн замд хөтлөн шинэ Үндсэн хуулиа боловсруулан баталж улмаар ардчилал зах зээлийн харилцаанд шилжүүлэх үүргийг манлайлан удирдсан улс төрийн хүчин.
МАН түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулагч нам байсан. Цаашдаа ч манай нам ийм байх болно. Одоо ч бид газрын тосны үйлдвэр,дулааны цахилгаан станц,цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр,эмнэлэг сургууль, цэцэрлэг,орон сууцны хороолол, Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх,уул уурхай, авто зам, дэд бүтцийн зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг Ардын нам хийж Ардын намын засгийн газар хэрэгжүүлж байна.
Одоогоос 98 жилийн өмнө төв Азийн цээжинд анхны улс төрийн хүчин нам байгуулагдсан энэ өдөр бол зөвхөн МАН төдийгүй монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин эх орон тусгаар тогтнол ард түмнээ гэсэн сэтгэл зүтгэлтэй эх оронч бүрийн баярын өдөр гэдийг би энд зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна” гэв
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Эх орончдын баяр”-ын энэ өдөр би улс орныхоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдал болох 1945 оны ард иргэдийн санал асуулгыг онцлон дурдмаар байна.
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Монгол улс хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх гадаад бодлогыг эрчимтэй явуулсан юм. 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол улс шийдвэрлэх нөлөө үзүүлж оролцсон нь улс орноо тусгаар тогтносон улс болохыг дэлхий дахинд харуулсан томоохон баталгаа болсон юм.
Улмаар 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монгол улс даяар ард түмний санал асуулга болж Монголын ард түмэн бүрэн эрхт тусгаар тогтносон улсынхаа төлөө саналаа өгсөн юм. Иргэдийн тэн хагас нь бичиг үсэггүй, мэдээллийн сүлжээ байхгүй тарчиг хүнд нөхцөлд иргэдийг санал хураалтад идэвхтэй оролцуулахын тулд МАН-аас ухуулга сурталчилгааны том компанит ажил өрнүүлсэн билээ.
Санал хураалтын өмнө орон даяар малчин ард, сэхээтэн ажилчид, үйлдвэрчний болон олон нийтийн байгууллагын 10282 хурал цуглаан болж 586122 хүн оролцжээ. МАН байгуулагдсан энэ түүхэн өдөр Монголын үе үеийн эх орончид, удирдагчид, улс ардын аж ахуйн салбарын зүтгэлтнүүд, ахмад үеийнхэндээ намын удирдлагын зүгээс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлье.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын үнэт зүйл нь намын гишүүд гэж үздэг. Гишүүний хариуцлага ёс зүй ажил хэрэгч чанар, мэдлэг боловсролоос намын манлайлах чадвар шууд хамаардаг. Тийм ч учраас намын удирдлагын зүгээс үндэсний болон орон нутгийн түвшинд манлайлагчдыг сонгож бэлтгэх үүднээс Стратеги академийн дэргэд Улс төрийн боловсролын институцийг байгуулж, 2018 оны 11 сараас эхлэн өнөөдрийн байдлаар 1300 улс төрийн манлайлагчдыг бэлтгээд байна” гэв.
Энэхүү баярын хурлын үеэр МАН шилдэг намын байгууллагуудаа шалгаруулж шагнал гардуулсан бөгөөд шилдгийн шилдэг намын байгууллагаар Дорноговь аймгийн МАН-ын хороо, шилдэг намын байгууллагаар Багахангай дүүргийн МАН-ын хороо, Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллагаар Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах болон цахим орчинд ажиллах шилдэг менежменттэй намын байгууллагаар Өвөрхангай аймгийн МАН-ын хороо Мөрийн хөтөлбөрийн шилдэг хэрэгжилттэй намын байгууллагаар Орхон аймгийн МАН-ын хороод тус тус шалгарууллаа.
Шилдгийн шилдэг намын байгууллагаар Дорноговь аймгийн МАН-ын хороо
Шилдэг намын байгууллагаар Багахангай дүүргийн МАН-ын хороо
Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллагаар Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах болон цахим орчинд ажиллах шилдэг менежменттэй намын байгууллагаар Өвөрхангай аймгийн МАН-ын хороо
Мөрийн хөтөлбөрийн шилдэг хэрэгжилттэй намын байгууллагаар Орхон аймгийн МАН-ын хороо