Улс төрийн намууд “Эх орончдын өдөр”-ийг өөр, өөрийнхөөрөө тэмдэглэж байна. МАХН амьд хөгжмийн “Rec on” хамтлагтай хамтран “Эх орончдын өдөр-Залуусын баяр” нэртэй хурлыг “The Corporate”–д хийлээ. Оролцогчид хоёр цаг гаруй илтгэл сонсохын зэрэгцээ дуулж, бүжиглэж, бас тус намыг сонгосон залуу гишүүдэд батлахыг нь гардуулсан юм.
МАХН Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж, Дээд хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлж батлуулснаар улс орноо хөгжүүлнэ, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ, төрийн тогтолцоог монгол хүнд ээлтэй болгож шинэчилнэ гэж байгаа.
Эх орончдын болоод Залуусын баярын хуралд тавьсан тус намын залуу лидерүүдийн илтгэлд өөрчилнө, шинэчилнэ гэсэн хувьсгалт үгс хүчтэй сонсогдож байсан. Энэ бүхэнтэй “Rec on” хамтлагийн дуулдаг хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцье, ард түмний төлөө, гагц хүний төлөө зүтгэе, хүнийг хайрлая гэсэн сэдэвтэй дуунууд хоршиж залуусыг доргиож байлаа.
Эх орончдын өдрийг ийнхүү Залуусын баяр болгож тэмдэглэсэн МАХН залуус төвтэй, залуусаар хүрээлүүлсэн, залуусын нам болж эгнээгээ тэлсэн нь харагдаж байлаа. Мөн хурлыг зохион байгуулсан баг нь тус намын төв байгууллагынхан бөгөөд бүгд залуу гишүүдээс бүрдсэн байна.
Анхаарал татсан бас нэг үйл явдал нь МАХН Нийслэлийн Түмтийн даргаараа хуульч Э.Эрдэнэжамъяныг сонгож, тамга тэмдгийг нь хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр тус намынхан залуустаа итгэл үзүүлж, цаашлаад төв байгууллага, нийслэлийн намын хороондоо залуусын хүч, дэмжлэгийг төвлөрүүлэх зорилго тавьсан бололтой.
Н.Энхбаярын нам энэ хүртэл хотын намын даргынхаа асуудлыг гэнэт шийдээгүй болов уу. Хэзээ, хаана, ямар хэлбэрээр яаж илэрхийлэх вэ гэдэгт нэлээд бэлтгэлтэй байсан нь Эх орончдын баярыг Залуусын баяр болгож тэмдэглэсэн “Рок хурал”-аас нь харагдлаа.
Ер нь бол сүүлийн үед Ардын намынхан НИТХ-ыг хошин шогийн “Х Түц” хамтлагийн үзүүлбэрээс дутахааргүй болгочихсон. Су.Батболдыг чөлөөлсөн болон оронд нь нэр дэвшүүлж, олонхийн санал авсан С.Мөнхчулууныг намаасаа хөөж, С.Амарсайханыг хүчээр гаргаж ирсэн зэргийг олон нийт ингэж дүгнэж буй.
Эгзэгтэй энэ үед МАХН нийслэлийн намын даргаараа Э.Эрдэнэжамъянд даатгасан нь түүнд ихээхэн итгэж найдсаны илрэл. Ийнхүү МАХН-аас нийслэлд хэрэгжүүлэх бодлогыг цаашид тэрээр хөтөлж авч явах болж байна.
Тэрээр баярын хуралд “Шинэ гарц-Шинэ нийслэл” сэдвээр тавьсан илтгэлдээ “Хүн бүхэн мөрөөдлөөр жигүүр хийн түүнийхээ төлөө амьдардаг. Мөрөөдөлгүй хүн бол хүсэл тэмүүлэлгүй нэгэн. Тэгвэл өнөөгийн залуусын хүсэл мөрөөдлийг бий болгохын төлөө МАХН ажиллах болно. Нийслэлд амьдарч буй хоёр сая орчим иргэн ямар хэцүү нөхцөлд аж төрж байгааг хэн бүхэн мэдэж байгаа ч үүнийг засч залруулахад төр төдийлөн сайн ажиллахгүй байна.
Утаа, бохирдлыг арилгах асуудлыг бизнес болгон харж байгаа нь харамсалтай. Тэгвэл бид нийслэлийн асуудлыг шийдэх гарц гаргалгааг тал бүрийн эрдэмтэн судлаачдын багтай хамтран судалгаа явуулж, шийдэл гаргасан байгаа. Тодруулбал, шинэ нийслэлтэй болж, иргэдээ ажилтай, орлоготой, сурч боловсрох нөхцөлөөр ханган, залуусынхаа амьдрах орчинг бүрдүүлж болох юм гэдэг шийдвэр гаргасан.
Үүнийгээ МАХН-ынхаа мөрийн хөтөлбөрт тусган Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Ирэх сонгуульд мөрийн хөтөлбөртөө багтаасан тэрхүү ажлуудаа хийж хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дан ганц нийслэлийг зохион байгуулаад зогсохгүй дахин найман дагуул хотыг байгуулах боломжтой” гэв.
МАХН ийнхүү нийслэлд шинэ бүтцээр, залуусын хүчийг дайчилж ажиллахаар болж байна. Шинэ дарга хэрхэн шижигнүүлэхийг харах л үлдлээ.
2 comments
МАХН УЛС ТӨРИЙН ХҮЧТЭЙ НАМ АМЖИЛТ
АМЖИЛТ