Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын мөрдөлт, дотоод хяналтыг сайжруулах, хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулахад хэрхэн анхаарч ажиллах талаар зөвлөлдөх, мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт нийслэлийн найман дүүргийн ЭМТ-ийн удирдлага, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сүлжээ ресторан, түргэн хоолны газрын удирдлагууд, Тогооч нарын холбоо хамрагдаж, хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах хоол хүнснээс дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгжийн дотоод хяналтаар хэрхэн илрүүлэх, гарч болох эрсдэлээ хэрхэн залруулах, шалтгаан нөхцөлийг арилгах улмаар хүн амыг аюулгүй чанартай хүнсээр хангаж ажиллах талаар мэдээлэл зөвлөгөө авч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Манай улсын хэмжээнд 2016-2018 онд энэ төрлийн хордлогын дэгдэлтийн 34 тохиолдол бүртгэгдэж, 1028 хүн өртсөнөөс 328 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Үүнээс хүүхдийн байгууллага болон хүнсний чиглэлийн байгууллагад 76.5 хувь, айл өрхийн түвшинд 23.5 хувь нь бүртгэгдсэн байна. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний дөрвөн мянга гаруй ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийн мэдээллийг тулгалт хийхэд цөөнгүй зөрчил илэрчээ.