Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд буюу 3-4-ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.
Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 гаруй хувь нь 1-4 настай байдаг бөгөөд 5-6 нас хүрмэгц нь байгальд нь эргүүлэн тавьдаг байна. Ингэж буцаах нь бүргэдийн нөхөн үржих, тоо толгой өсөхөд ихээхэн ач холбогдолтой байдаг аж.
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд харцага овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам харах хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэрэг амьтдаар хооллодог, 30-50 жил насалдаг.
Бүргэдийн баяр буюу Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.