Энэ долоо хоногт буюу 2019 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын нэгний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1,097 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 840 дуудлага, мэдээллийг шалгажээ.
Осол, хэргийн улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирч, нийслэлд 27 хүн гэмтэж бэртсэний тав нь бага насны хүүхэд байна.
Орон нутагт гарсан ноцтой зам тээврийн ослын гурав нь мотоциклтой холбоотой осол байх бөгөөд бүгд онхолдох хэлбэрээр гарсан мөн хамгаалах малгай, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байна.
Иймд хөдөө, орон нутгийн иргэд мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарласан үед унаж хэрэглэхгүй байх, цаашид мотоциклийг зориулалтын дагуу, техникийн хувьд бүрэн бүтэн, хамгаалах хэрэгсэл хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Мөн зам тээврийн ослын 18 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 48 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр дөрөв, онхолдох хэлбэрээр гурван осол тус тус бүртгэгджээ.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал:
- БЗД-ийн нутаг ЕБС-ийн 127-р дунд сургуулийн зүүн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 40 настай.эрэгтэй П-г мөргөж амь насыг хохироож осол хэргийн газрыг орхиж явсан хэргийг,
- 2019.02.27-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг “Хавтгай ар” гэх газар шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай, эрэгтэй М-ийн амь нас хохирсон зэрэг хэргүүдийг шалгаж байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 165 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 27 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 16.3 хувиар, зам тээврийн ослын шинжтэй 20.3 хувиар, гэмтсэн хүний тоо 90 хувиар, явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 38 хувиар, мөргөлдөх хэлбэрээр гарсан осол 65 хувиар өсжээ.
Эх сурвалж: ТЦА