“Хэвтүүл” хөдөлгөөнөөс ЖДҮ-чин албан тушаалтан, гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж жагсаал зотион байгуулна гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Тэд өнөөдөр (2019.03.01) дахин хэвлэлийн хурал хийж, Засгийн газрын долоон санг татан буулгах шийдвэр гарсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэд “Нэхүүл”-ийн эсрэг “Хэвтүүл” гэж гарсан зүйл байхгүй, тэдний ард нам, хэн нэгэн хүн байхгүй гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Түүнчлэн 60 тэрбумын схемээр гарч ирсэн гишүүд хариуцлага хүлээж чадахгүй байгааг шүүмжлээд, хууль жигчд үйлчилдэг ирээдүйн төлөө тэмцэхээ илэрхийлсэн юм.
Тэдний энэ удаагийн жагсаалын сэдэв болсон ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцох асуудлын хүрээнд бас нэгэн хардлага гарч ирснийг тэд өнөөдрийн хэвлэлийн хурлаар онцоллоо. Энэ талаар “Хэвтүүл” хөдөлгөөний гишүүн Л.Алтансүх “Засгийн газар 29 санг нэгтгэж, 15 сан болгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай мэт харагдавч, өөрсдийн хийсэн хэргийн нотлох баримтыг устгах, ул мөрөө баллах хэлбэр болж байна. Баримтуудаа хаяж, шатаах нөхцөл байдлыг үүсгэж байна. Иргэдийнхээ боломжийг хулгайлдаг байдал энгийн мэт байгаа явдалд цэг тавих цаг болсон” гэлээ.
ЖДҮХС- 1178 төсөл хүлээн авч, түүний 480-ыг нь шалгаруулснаас 136-д нь нэг жилийн 3%-ийн хүүтэй зээл олгосон бөгөөд зээлдэгчдийн 122 нь УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтны өөрийн болон түүний хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгжүүд байсан гэдгийг дахин сануулж байна.
Жагсаал маргааш буюу гуравдугаар сарын 2-нд Сүхбаатарын талбайд 10.00-16.00 цагт болох аж.
“Бид сангуудыг татан буулга гэж хэлээгүй”
Мөн ЖДҮХС-гийн асуудлаар “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллага байр сууриа илэрхийлж өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн байгаа. Тэдний зүгээс сангуудыг татан буулга гэж огт хэлээгүй, харин хүмүүстээ хүрдэг, ил тод болоосой, бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл нь хүрдэг байгаасай гэж хүсч, шаардаж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид сарын 4.5-5 хувийн хүүтэй зээл авч ажиллаж байгаа бөгөөд тэдний маш олон боломжийг улс төрчид хулгайлсан гэж үзэж байгаа аж. Тиймээс тус ТББ-аас УИХ-ын дарга болон гишүүдэд захидал хүргүүлж байгаа юм байна. Уг захидалд:
-Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх тал дээр та бүхэн юу хийв ?
-Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр та бүхэн юу хийв ?
-Монгол хүн эрүүл аюулгүй нөхцөлд амьдарч чадаж байна уу? Чадахгүй байгаа бол яагаад аюулгүй нөхцөлд амьдраад байна? Энэ асуудал дээр юу хийв?
-Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, гаднаас ирэх импортын бүтээгдэхүүнээс үнээр хямд байлгах тал дээр ямар бодлого гаргав?
-Монголд зээлийн хүүг буулгах тал дээр юу хийв?
-Монгол төгрөгийн ханш улам унаж байна. Та бүхэн ямар бодлого гаргав?
-Монголын залуучууд гадагш ажил хийхээр явж байна. Энэ асуудал дээр ямар бодлого гаргав?
-Монголын иргэд яагаад ядуу байна?
-Монголын чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө та бүхэн юу хийв?
Эдгээр асуултын хариуг долоо хоногийн дотор өгөхийг хүслээ.