Монгол улсын улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 98 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданштар, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын алба тэргүүтэй төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдрөөс 98 жилийн өмнө бидний өвөг дээдэс, эх оронч эрэлхэг баатрууд маань гал цогтой тэмцлээр түүхийн хуудсыг цоо шинээр эргүүлж, эргэх цаг, элэг зүрхнийхээ дуудлагаар Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ өдрийг УИХ-ын 2011 оны нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүссэн “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчлан баталгаажуулсан. Бидний эцэг өвгөдийн залуу нас, халуун сэтгэл, хатан зоригоороо тэмцэн байж авчирсан эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхийг өнөө болон хойч үе маань үеийн үед эгнэгт мартах учиргүй юм.
1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлан удирдаж өнөөдрийн түүхийн эхлэлийг тавьсан МАН улс орныхоо цаг үеийн түүх бүрт сэргээн босгосон, уриалан дуудсан, хөгжил дэвшил рүү чиглүүлэн хөтөлсөн манлайлагч улс төрийн хүчин болсоор ирснийг Монголын ард түмний үе үеийн түүх гэрчилдэг.