Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 он гэхэд улаан бурхныг бүрэн устгах зорилт тавиад байгаа. Гэвч энэ зорилтот хугацаа ойртсон хэдий ч улаан бурхны дэгдэлт улам нэмэгдэх хандлагатай байна.
Филиппинд л гэхэд 12 мянган хүн энэ өвчний халдварыг авч, 23 хүн нас баржээ. Харин Мадагаскарт 2018 оны 10 дугаар сараас хойш улаан бурхны 69 мянган тохиолдол бүртгэгдэж, 550 гаруй хүн амиа алджээ.
Европт өнгөрсөн онд 53 улсаас 47-д нь халдвар гарч, 2017 оныхоос гурав дахин олон хүн улаан бурхнаар өвчилсөн гэсэн дүн мэдээ байна. Тэгвэл Украинд байдал улам хүнд байна. Өнгөрсөн жил энэ улсад 53 мянга гаруй хүн өвчилжээ. Европын орнууд улаан бурхны дэгдэлтэд Украиныг буруутгаж байгаа юм.
Ийнхүү улаан бурхан өвчин эрс нэмэгдэх болсон нь хүн ам вакцинжуулалтад хойрго хандах болсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ядуу, буурай хөгжилтэй орнуудын хувьд вакцины хүрэлцээ муу байдаг бол барууны орнуудад сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх тарилгаас татгалзах хандлага ажиглагдах болжээ.
Иргэдийн зарим нь вакцин хийлгэх шаардлагагүй гэж үзэж байхад зарим нь урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулна гэх болсон байна.
Дэлхий нийт сүүлийн жилүүдийг хүртэл улаан бурхан хэмээх өвчин хүүхдийн үхлийн гол шалтгаан байсныг бараг мартаад байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор бол нийт хүн амын 95 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байхад л улаан бурхны дэгдэлт, цар тахлаас санаа зовохгүй байх боломжтой гэж байжээ.