Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд өчигдөр (2019.02.28) 16:00 цагт болсон хөрсний нуралтын улмаас осол гарч, 6 хүн, 2 трактор шороонд дарагдсан талаар бид мэдээлсэн билээ. Уурхайн гүнд дарагдсан дөрвөн хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Нуралт үүссэн карьерийн уланд ажиллаж байсан 6 хүнээс хоёрыг нь гаргаж эмнэлэгт хүргээд байгаа юм.
Аврах ажиллагаа явуулахад маш хүнд нөхцөл байдалтай байгаа гэдгийг онцгой байдлын албаныхан мэдэгдэж байна. Учир нь аврах ажиллагааны үеэр мөн аврагчдынхаа аюулгүй байдлыг хангах ажлыг хийхгүй бол хананаас маш их ус урсаж, хүйтэнд хөлдөж байгаа төдийгүй хөрс дахин нурах магадлалтай байгаа юм байна.
Ослын газарт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан аврах багийнхан ажиллаж байгаа бөгөөд аврагчид үлдсэн дөрвөн хүнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.