“Гацуурт” ХХК 2 сан-гаас авсан зээлээ төлөхгүй, улсад хохирол учруулжээ

Өнгөрөгч Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Сангийн яамнаас Засгийн газрын харъяа сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан билээ.

Нийт 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргасан юм.

  1. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан,
  2. Эрсдлийн сан,
  3. Засгийн газрын өрийн баталгааны сан,
  4. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан,
  5. Олон улсын хамтын ажиллагааны сан,
  6. Монгол судлалын дэмжих сан,
  7. Агаарын бохирдлын эсрэг сан

Мөн Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 16 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж Засгийн газар 20 тусгай сантай болохоор шийдвэрлэсэн юм.

Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн шалгалтын тайлангийн дэлгэрэнгүйг  танилцуулж байна.

“ТАРИАЛАНГ ДЭМЖИХ САН”-ГИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАЙЛАН

Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарын  энэ оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу “Тариаланг дэмжих сан”-гийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи онуудын санхүүгийн үйл ажиллагаанд энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн ажлын 16 хоногт багтаан шалгалт хийжээ.

Тариаланг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд нийт 350.2 тэрбум төгрөгийн худалдан авалтийг хийж,  үүний 17.3 хувийг ТЭДСангаас хийсэн худалдан авалт, 16.5 хувийг ХХААХҮЯ-наас хийсэн худалдан авалт, 16.1 хувийг үрийн буудайн худалдан авалт, үлдсэн 50 орчим хувийг хүнсний улаанбуудайн худалдан авалт эзэлж байна.

ХХААХҮЯ болон ТЭДСангаас зохион байгуулсан нийт 118.7 тэрбум төгрөгийн худалдан авалтын 46.9 тэрбум төгрөгийн гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж хийгдсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зохион байгуулсан тендер шалгаруулалтад тендерийн баримт бичигт заасан эрх бүхий байх, ажлын туршлага, санхүүгийн чадварын шалгуур, техникийн тодорхойлолтын нөхцөл, шаардлагыг хангахгүй тендерт оролцогчийг шалгаруулж, гэрээ байгуулсан нийтлэг зөрчил байна.

Мөн Сангийн яамнаас хүргүүлсэн тендер шалгаруулалттай холбогдох зөрчил арилгах мэдэгдлийн дагуу арга хэмжээ авч ажиллаагүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа, тендер шалгаруулалтын журмыг буруу сонгосон зөрчил нийтлэг зөрчил илэрчээ.

Тариаланг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд 157.4 тэрбум төгрөгийн буудайн урамшууллыг давхардсан тоогоор 7500 орчим ААН, иргэнд олгосон байна.

Тус сангаас олгосон үндсэн дэмжлэгүүдийн эргэн төлөлт, түүнд тавих хяналт туйлын хангалтгүй бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 132.0 тэрбум төгрөгийн авлагатай байгаагаас 54.6% буюу 72.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн чанаргүй зээл эзэлж байна. Дээрх хугацаа хэтэрсэн авлагуудтай холбоотой 45.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэр гарсан байхад 2010 оноос хойших хугацаанд ердөө 10.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийг бодитоор барагдуулж дуусгасан байна.

“Гацуурт” ХХК нь ТЭДСангийн буудайнаас зөвшөөрөлгүйгээр “Хангай Миллс” ХХК-д 17.9 мянган тонн буудайг 1 тонныг нь 280.0 мянган төгрөгөөр тооцож заржээ.  “Гацуурт” ХХК нь сангийн өмчлөлийн буудайнаас зарсан гэх 17.9 тонн буудай нь 2011 оны ургацаас 350.0 мянган төгрөгөөр худалдаж авсан буудай байна.

Дээрх буудайны үнийг худалдаж авсан үнээр тооцож 6,289.5 сая төгрөгөөр тухайн компанийн нэр дээр авлага үүсгэж тооцохоор байхад ТЭДСангийн тайланд 4,455.0 сая төгрөгийн авлагатай байгаагаар хасалт хийж тооцсоноос 1.834.5 сая төгрөгийн зөрүү үүссэн байна .Үүний 1,257.9 сая төгрөг нь буудайны үнийн зөрүүгийн алдагдал байгаа боловч Гацуурт ХХК-наар төлүүлээгүй байна.

Тариаланг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд нийт 585.3 тэрбум төгрөгийн үндсэн дэмжлэгийг тариалан эрхлэгч иргэд ААН-д олгож, 157.4 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна. 2018 оны 9 дүгээр сарын 31-ний байдлаар тус сангийн нийт өглөг 141.1 тэрбум төгрөг, авлага 131.9 тэрбум төгрөг байгаагаас хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72.1 тэрбум төгрөг байна.

 МАЛ ХАМГААЛАХ САНГИЙН 2011-2017 ОН, 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР САНХҮҮ, АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТУХАЙ:

Мал хамгаалах сангийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаас үзэхэд, тайлант жилийн эхэнд нийтдээ 33.9 тэрбум төгрөгийн авлагатай байсан бол 19.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 8.3 тэрбум төгрөг хасагдсанаар нийт авлагын хэмжээ 45.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.

Авлагын хэмжээ нэмэгдсэн гол шалтгаан нь төлбөртэй үйлчилгээний авлагаар бүртгэсэн Малын тэжээл импортлох аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн 21.2 тэрбум төгрөгийг урьд онд олгож, үлдэгдэл 18.8 тэрбум төгрөгийг дараа онд олгосноос шалтгаалжээ. Урьд онуудаас дамжсан төсөл хөтөлбөрийн зээлийн нийт авлага оны эхэнд 12.3 тэрбум төгрөг байсан нь 680.8 сая төгрөгөөр нэмэгдэж 1,041.4 сая төгрөгөөр буурч 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болжээ.

2003 оноос хойш иргэн, ААН-д олгосон зээлээс хугацаа хэтэрсэн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй 3,450.0 сая төгрөгийн зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн, 11,891.6 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн эргэн төлөлт оны эхнээс 2.9 хувиар буурсан байна.

Ялангуяа 2003-2006 онуудад олгосон зээлийг ихэвчлэн нэг жил, дээд тал нь гурван жилийн хугацаатай олгосон байна. Гэтэл Мал хамгаалах сан бие даан байгуулагдсанаас хойш шилжүүлж өгсөн 275.3 сая төгрөгийн хүү тооцогдож төлбөл зохих дүн нь харагдахгүй, дахин тооцохын тулд анхны гэрээг нь үзэх шаардлагатай байгаа юм. Энэхүү зээлийн төлөгдсөн дүн, эцсийн үлдэгдлээс харахад төлөгдсөн 45.9 сая төгрөгийг хасаад одоо төлөх зээлийн үлдэгдэл нь анх олгосон зээлээс 84,960.3 мянган төгрөгөөр илүү тооцсон байна.

ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛ:

2003-2006 онд олгосон 359.6 сая төгрөгийн зээл нь 9-15 жил болсон бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахад материал дутуу, баримт бичгийн бүрдэл дутуу, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргээс шалтгаалан шүүх хүлээн аваагүй байна. Харин 2007-2013 онд олгосон зээлийн хугацаа хэтэрсэн 3-9 жил болсон зээлийн үлдэгдэл 3,965.0 сая болсон нь 1,201.1 сая төгрөгөөр нэмэгдэж, 9,658.2 сая төгрөгөөр буурсан байна.

Энэхүү хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3,965.0 сая төгрөг нь өнгөрсөн  оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 83 иргэн, аж ахуйн нэгжийн 1,710.3 сая төгрөг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, 4 иргэн аж ахуйн нэгжийн 62.5 сая төгрөг нь шүүхийн шатанд, 15 иргэн аж ахуйн нэгжийн 355.8 сая төгрөг нь эрэн сурвалжилж байгаа, долоон иргэн аж ахуйн нэгжийн 57.8 сая төгрөг нь шүүхийн шийдвэр гарсан төлөгдөж байгаа, шүүхээс хаягандаа байхгүй гэсэн шалтгаанаар буцсан 31 иргэн аж ахуйн нэгжид холбогдох 425.8 сая төгрөгийн авлагыг хаяг, байршлыг тогтоож, шүүхэд нэхэмжлэл гаргах чиглэлээр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн ОХУ-аас малын тэжээл импортлон оруулж, борлуулахаар олгосон хүүгүй зээлийн эргэн төлөлт хангалтгүйгээс маргаан үүссэн, зарим зээлдэгчид зээлээ төлж эхлээгүй, хаяг байршилдаа ч байхгүй эрэн сурвалжлах байдал үүсчээ.

“Гацуурт” ХХК нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан зээлээ төлөхгүй, хугацаа хоцроож, гэрээний үүргээ зөрчиж, улсад хохирол учруулсаар байна.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Мал хамгаалах сан, “Гацуурт” ХХК-тай байгуулсан “ЭМААХДХ”- 2011/07 тоот гэрээгээ дүгнэж, акт үйлдээгүй нь 2015, 2016 онуудад гэрээний хэрэгжилт хангагдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна.

Махны цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй эрхлэх төслийг хэрэгжүүлэхэд зээлийн гэрээгээр зээлдэгч 1.0 тэрбум төгрөгийг тодорхой нас хүйсний өсвөр насны хээлтэгч, хээлтүүлэгчээр зургаан жилийн хугацаанд 200 толгой үхрээр төлнө гэсэн нь нэг үхрийн өртөг 5.0 сая орчим төгрөг байна. Зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдээгүйгээс үүссэн алданги нь 2017 онд 21.9 сая төгрөг, 2016 онд 11.0 сая төгрөг орчим нийт 32.9 сая төгрөг байхаар үүнийг үхэрт шилжүүлэн тооцвол 6 үхрийг нэмж авахаар байсан боловч алданги тооцоогүй байна.

Мөн 2013 онд 2 тэрбум төгрөгийн зээлийг нэмж олгон малаар төлөлт хийх гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд 2013 онд байгуулсан гэрээ ёсоор 2017 оны долдугаар сард 52 толгой, 2018 оны долдугаар сард мөн 52 толгой, нийт 104 толгой цэвэр цусны хээлтэгч, хээлтүүлэгчийг хүлээлгэн өгсөн байх ёстой боловч,гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж малаа хүлээлгэн өгөөгүй өнөөг хүрсэн байна.

Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2005 онд олгосон зээлийн 47.2 хувийг эргүүлэн төлүүлж авалгүй 13 жил болжээ. “Праймланс” Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2005 онд олгосон зээлийн 47.2 хувийг эргүүлэн төлүүлж авалгүй 13 жил болжээ.

Энэхүү банк бус санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээний үр дүнг дүгнэж актаар баталгаажуулаагүй, тус санд зээлдэгчидтэй хийсэн зээлийн гэрээний хувь болон зээл олгосон баримтууд байхгүй тул, зээлдэгч бүрээр нарийвчлан шалгаж дүгнэлт хийх боломжгүй болсон байна.

Энэхүү зээлийг олгосноос хойш 13 жил болсон бөгөөд 2007 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас “Мал хамгаалах сан”-ийн дансанд “Праймланс” ББСБ-аас “ЭМААХДХ”-өөс олгосон зээлийн авлагаар 166.0 сая төгрөгийг бүртгэсэн байна. Үүнээс үзэхэд 21 сая төгрөгийг хэдийд хаана төлсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэрээр 77.7 сая төгрөгийг төлүүлж, 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны байдлаар 88.2 сая төгрөгийн авлагатай байна.

МАЛ ХАМГААЛАХ САН УЛСЫН ТӨСӨВТ 40 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ӨГЛӨГТЭЙ БАЙНА

Малын тэжээл импортлох зориулалтаар олгосон зээлийн эргэн төлөлт хангалтгүйгээс “Мал хамгаалах сан” улсын төсөвт 40.0 тэрбум төгрөгийн өглөгтэй байна.

Малын тэжээл бэлтгэн нийлүүлэх зээлд хамрагдсан 27 компанийн ихэнх нь 300.0 саяас -1.0 тэрбум төгрөгийн зээл авсан байхад “Арованно” ХХК, “Хөвсгөл Алтан дуулга” ХХК-иуд тус бүр 5.0 тэрбум төгрөгийн, “Чансаа Хан Хөхий” холдинг ХХК 3.0 тэрбум төгрөгийн, “ЧМТО” ХХК, “Жи Өү Ти Ти” ХХК, “Од групп” “Милл хаус” ХХК-иуд тус бүр 2.0 тэрбум төгрөгийн, “Жинст транс” ХХК 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээлийг тус тус авсан байна. Зээлийн эргэн төлөлтийг 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар авч үзэхэд 40  тэрбум төгрөгийн зээл авсан 34 компаниас 31 компани нь 18.3 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн бөгөөд одоо 23 компаниас 22.9 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн авлагын үлдэгдэлтэй байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар зээлийн эргэн төлөлт 45.6 хувьтай, нийт 34 зээлдэгчээс 10.8 тэрбум төгрөгийн зээл авсан 12 компани зээлээ бүрэн төлсөн, “Биохэлф монголиа” ХХК 900.0 сая төгрөгийн, “Туртелком” ХХК 1.0 тэрбум төгрөгийн, “Галин интернейшнл” ХХК 1.1 тэрбум төгрөгийн зээлийг авсан боловч огт төлж эхлээгүй байна.

Эх сурвалж: https://news.mn/r/2095144/

updown.mn

Мэдээний админ

Learn More →

3 thoughts on ““Гацуурт” ХХК 2 сан-гаас авсан зээлээ төлөхгүй, улсад хохирол учруулжээ

  1. Бат 2019-03-01 15:09 at 15:09

    Энэ хүн төлчих байхаа уг нь эр хүн юм шүү дээ

    Хариулах
  2. Жав 2019-03-02 15:45 at 15:45

    Инээсэн хулгайч

    Хариулах
  3. аюуш 2019-03-03 20:42 at 20:42

    ЧИНБАТ ХҮН ЧАНАРТАЙ ТӨЛЧИХНӨ ДӨӨ ОЛОН ХҮН ЭНЭ ХҮНЭЭР ТЭЖЭЭЛГЭЖ АМЬДРАЛАА АВЧ ЯВНА МАНААЙХАН ЗАРИМ НЬ МУУ ЗАН ГАРГААД ХУЛГАЙ ХИЙГЭЭД ХӨӨГДӨӨД БАС ХЭЦҮҮ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ Л ЯВЛАА

    Хариулах

Бат-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн