МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал өчигдөр (2019.02.28) хуралдаж, өнгөрөгч дөрвөн жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, шинэ удирдлагаа сонголоо.
МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, С.Түмэнгэрэл нарын таван хүн заалнаас нэр дэвшиж өрсөлдснөөс “Өгөөж” ХК-ны зөвлөх С.Түмэнгэрэл нэрээ татаж, үлдсэн дөрвөн нэр дэвшигчдээс олонхын саналаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тодруулбал, О.Амартүвшин 259 санал, Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авчээ.
Хурал шөнө болтол хуралдсан бөгөөд танхимын дүрмийн асуудлыг нэлээд удаан хэлэлцсэний эцэст шинэчлэн баталлаа.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь 21 аймагт салбартай, 25 оронд төлөөлөгчтэй, 100 гаруй орны 126 байгууллагатай хамтран ажилладаг, 3500 гаруй гишүүнтэй томоохон байгууллага юм.