Хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувийн хямд үнээр олгохоор боллоо. Мөн түүнчлэн Улсын онцгой комиссын даргын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хаваржилт хүндэрсэн зарим аймагт Шуурхай бүлэг томилон ажиллуулахаар боллоо. Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн ахлагчаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, гишүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж байна.
Шуурхай бүлэг баруун болон төвийн бүсийн 13 аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх, үүссэн цагийн байдалтай холбогдуулан газар дээр нь шийдвэр гаргаж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах юм.
Тэр дундаа отроор хаваржиж буй, алслагдмал газарт байгаа айл өрх, малчидтай уулзан, тэдний аж байдал болон отрын штабын үйл ажиллагаатай танилцан, улсын нөөцийн өвс, тэжээлийг хямдруулан худалдахтай холбогдуулан хяналт шалгалт явуулж, өвс, тэжээл нэн шаардлагатай байгаа сум, баг, малчдад хүргэх талаар удирдамж, чиглэл өгнө.
Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг удирдлагаар хангах, сумдад байгуулж буй мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газар, сайдын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих зэрэг цаг үеийн олон шуурхай ажил хийж гүйцэтгэх юм.
Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна.