“NEWS” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гарагт “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад яамдын өнгөрсөн сарын зарлагын тайланг Шилэн дансны мэдээллээс танилцуулж байна.
Шилэн дансны хууль хэрэгжсэнээр төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л мэдээллүүд ил тод, нээлттэй мэдээлэх боломжийг олгосон. Иргэд, олон нийтэд төрийн байгууллагууд уг хуулийн хүрээнд санхүүгийн ил тод байдлаа хэрхэн хангаж байна вэ гэдгийг хүссэн цагтаа тандан харахаас гадна хэн эсвэл ямар байгууллага хаашаа ямар учир шалтгаантай мөнгө шилжүүлэв, ямар гүйлгээ хийв, аль байгууллага нь шилэн дансаа хөтлөхгүй байна вэ гэдгийг мэдэхэд амар хялбар болсон.
Гэвч зарим байгууллагуудад Шилэн дансны мэдээллээ зориуд хийдэггүй аль эсвэл тухайн сард таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдэхгүй байна уу гэдэг эргэлзээг төрүүлээд байгаа юм.
ЯАМДЫН ӨНГӨРСӨН НЭГДҮГЭЭР САРЫН ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНИЙН ДҮН БҮХИЙ ОРЛОГО, ЗАРЛАГЫН МӨНГӨН ГҮЙЛГЭЭГ ТУС БҮРЭЭР НЬ ДЭЛГЭЖ БАЙНА.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
Тус яамнаас өнгөрсөн нэгдүгээр сард нийт 160 сая орчим төгрөгийн зарлага гарчээ. Швейцарт зохион байгуулагдсан “ФЭСБО 2019” үзэсгэлэнг зохион байгуулах гэрээнд 113 сая төгрөгийг Монголын Аялал Жуулчлалын Холбоо ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна. Түүнчлэн тус үзэсгэлэнгийн зохион байгуулалтад оролцох зургаан хүний онгоцны тийзэд нийт 7.3 сая төгрөгийг МИАТ-руу шилжүүлжээ. Мөн тус үзэсгэлэнд оролцох хоёр хүний онгоцны тийзэд 5 сая 735 мянга 600 төгрөгийг “Айр Инфо” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Түүнчлэн тус үзэсгэлэнгийн зохион байгуулалтад оролцох хоёр хүний зургаан хоног, дөрвөн хүний 11 хоногийн томилолтод нийт 40 сая төгрөг зарцуулсан. Эндээс харвал олон улсын үзэсгэлэнд яамны төсвөөс 160 сая төгрөгийг нэг сарын хугацаанд зарцуулна гэдэг бага мөнгөн дүн биш.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
БХБЯ-ны хувьд Шилэн дансны хуулийг тун муу хэрэгжүүлжээ. Аль эсвэл өнгөрсөн нэгдүгээр сард таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдээгүй эсэх нь тодорхойгүй байна.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
Өнгөрсөн нэгдүгээр сард тус яам нийт 20.6 сая төгрөгийн зарлагыг зөвхөн тийзэд зарцуулсан байна. Тодруулбал, Улаанбаатар-Токио чиглэлд дөрвөн хүний тийзэд 5.6 сая төгрөг, Улаанбаатар-Сөүл чиглэлд найман хүний тийзэд 7.2 сая төгрөгийг, Улаанбаатар-Бээжин чиглэлд 10 хүний тийзэд 7.8 сая төгрөгийг “ Эйр тикет” ХХК-ийн данс руу шилжүүлжээ.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
Яамны хөтөлбөр арга хэмжээний хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард таван удаагийн 83 сая орчим төгрөгийн зарлага хийгдсэн байна. Ахмад багш нарын холбооны дансанд 15 сая төгрөгийг “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ийн сургалтын нэг сарын цалинд 8 сая 367 мянган төгрөгийг, мөн нэг сарын цалин 35 сая 474 мянган төгрөгийг тус тус шилжүүлжээ. Түүнчлэн нэг сарын түрээсийн төлбөрт 10 сая 950 төгрөгийг “Авзага трейд” компанийн данс руу шилжүүлсэн байна. Мөн тус яамны сайдын тушаалаар БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ийн сургалтын багийн НДШ-д 15 сая 301 мянган төгрөгийг шилжүүлжээ. Гэхдээ дээрх зарлагуудын шийдвэрийн хуулбар нь “Шилэн данс”-т алга.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Гадаад харилцааны яамны хувьд хамгийн их гадаад томилолттой байдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн нэгдүгээр сард дөрвөн удаагийн гүйлгээний зарлага болох 62 сая орчим төгрөгийг зөвхөн гадаад томилолтод зарцуулжээ. Тухайлбал, нэгдүгээр сарын 10-нд Гадаад харилцааны яамны харилцах данснаас ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Гансүхийн гадаад томилолтод 21 сая 630 мянга 160 төгрөгийг, мөн дэд сайд Т.Батцэцэгийн гадаад томилолтод 6 сая 949 мянган төгрөгийг харилцах данснаас шилжүүлжээ. Түүнчлэн нэгдүгээр сарын 18 нд ГХЯ-ны сайд Ц.Цогтбаатар, Э.Сарантогос, Б.Хулан, Г.Батбаяр нарын Киргиз, Казахстан улсад ажиллах томилолт болох нийт 10 сая 597 мянга 440 төгрөгийн зарлага хийгджээ. Мөн нэгдүгээр сарын 21 нд ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Гансүхийн Аргентин, Чили, Куба, Колумб, Франц явах тийзийн төлбөрт нийт 24 сая 780 мянга 500 төгрөгийн зарлага хийгдсэн байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Тус яамны хувьд өнгөрөгч сард нийт 27 сая орчим төгрөгийг хоёр зарлагад зарцуулжээ. Дотоод албан томилолтод 5 сая 900 мянга 106 төгрөгийг, байр ашиглалтын нэг сарын зардалд 22 сая 155 мянга 470 төгрөгийг ЗГБНУГазрын данс руу шилжүүлсэн байна.
САНГИЙН ЯАМ
Хамгийн их орлого, зарлагын гүйлгээ хийдэг Сангийн яам Шилэн дансны хуулийг тун муу хэрэгжүүлж байна. Хамгийн ил тод байх ёстой тус яам орлого, зарлагын мэдээллээ “нууж” байгаа нь мэдээж хардлага төрүүлнэ. Сангийн яамны хувьд өнгөрөгч нэгдүгээр сард таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ хийгдээгүй байж огт таарахгүй. Уг нь яамдуудад санхүүжилтийн орлого шилжүүлсэн атлаа шилэн данс хөтлөөгүй байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Тус яамны хувьд нэгдүгээр сард Шилэн дансны хуулийг хэрэгжүүлээгүй юу эсвэл таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ огт хийгдээгүй юу гэмээр тодорхой бус байна. Уг нь тус яамны сайд гадагшаа ойр ойрхон томилолтод явдаг.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж:
1 comment
Эх орондоо элэггүй хулгайч, луйварчид