Иргэд шударга шүүхээр шүүлгэх Үндсэн хуулийн эрхтэй байдаг. Гэвч харамсалтай нь шүүхийн байгууллага иргэдийн маргаан, үйл ойлголцлыг шийдвэрлэж, таслах бус хүчтэй болчхоод хүн болгоныг шүүдэг байгууллага болж буй нь тун буруу бодлоготой явж байгааг бидэнд харуулж байна. Монгол Улс шүүгчийн тоогоороо хаантай улс болж, шүүгчийн шийдвэрийг хэн ч хянахгүй болсон тухай “Иргэдийн шударга шүүх” ТББ-н тэргүүн Х.Бат-Ялалт онцолжээ. Тэрбээр бидний зүгээс 13 жилийн өмнө буюу Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед ҮАБЗ-д хандаж, шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаарх шаардлагыг анх илгээж байсан. Тэгвэл одоо бид энэхүү шаардлагаа дахин хүргүүлэхээр бэлдээд байна гэв.
“Монголын Хүний төлөө” нам болон “Иргэний шударга шүүх” ТББ хамтран Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр (2019.02.27) мэдээлэл хийлээ.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар шүүгч илт, хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд шүүгч хариуцлага хүлээхээргүй хуулийн заалттай болгоод өөрчилсөн байна. Гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий хууль хяналтын байгууллагууд үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж өнөөдрийн манай улсын нийгэм маш олон хэсэг бүлэгт хуваагдаж, төрийн байгууллагын гүйцэтгэгч нар тэдний гар хөлийн тоглоом болсныг илтгэж байна.
Ийнхүү эдгээр хоёр байгууллага хамтран Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Шүүх, хууль хяналтын байгууллагуудын хууль бус тушаал, шийдвэрүүдийг дахин хянах, онцгой эрх бүхий ард түмний хяналтын хороог байгуулж шүүх, хууль хяналтын байгууллага, тэдний алба хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хохирч, хэлмэгдсэн иргэдийн гомдлыг нэг удаа барагдуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг хүсэж, шаардах бичиг хүргүүлэхээр болсон байна.