Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байсан асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монголын зэс” компани Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлээ Сингапурын “Эрдэнэт корп ПиДиАй лимитед” компанид шилжүүлэх гэж байсан. Өөрөөр хэлбэл, Ц.Пүрэвтүвшин Сингапурт “Эрдэнэт корп ПиДиАй лимитед” компани байгуулаад өөрийн эзэмшлийн нийт хувьцаагаа тус компанидаа шилжүүлэх хүсэлтийг УБЕГ-т гаргасан байна. Ц.Пүрэвтүвшингийн гол хүсэлт нь бүх хувьцаагаа Сингапур дахь компанидаа шилжүүлэх, мөн энэ компанийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниар бүртгүүлэх юм. Ингэхдээ нийт хувьцаагаа 112 тэрбум төгрөгөөр үнэлжээ.
Ингэж гаргахдаа хоёр ААН-ийн хооронд гэрээ байгуулсан. Гэрээнийхээ 1.1-д нийт хувьцаагаа 112.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн. 41 сая 999 мянга 535 ам.доллараар үнэлж худалдаалахаар заасан байна. 2016 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Монголын зэс ХХК-ийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэх урьдчилгаа төлбөр болгож 80,326 сингапур доллар, 17-ны өдөр 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд Сингапурын компаниас шилжүүлсэн дансны хуулгыг өргөдөлдөө хавсаргасан байсан. Харин энэ хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Учир нь маш олон хууль, журам зөрчих байсан юм. Гэвч УБЕГ-аас 88 хуудас материалыг нь буцаасан байгаа.
Монголын зэс компани нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудлын тухайд 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын 23 дугаар тогтоолоор Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон. Мөн төрийн мэдэлд авч, нэр бүхий гишүүдэд хуулийн хариуцлага тооцох шийдвэр гаргасан байгаа.
Өнөөдрийн байдлаар Ц.Пүрэвтүвшингээс дахин хүсэлт гаргаагүй байна. Одоогоор Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд байгаа” гэлээ.