АНУ-ын Лос Анжелес хотын “Долби” их театрт 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдлаа. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулсан Хятад телевиз асуудалд оржээ. Энэ талаар Британийн “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Энэ жил “Оскар” авсан уран бүтээлчдийн ихэнх нь анх удаа уг нэр хүндтэй шагналыг авч буйгаараа онцлог байлаа. Тэдний нэг бол алаг нүдээрээ алдаршаад буй жүжигчин Рами Малик юм. Өдгөө 36 настай Малик өмнө нь хэд хэдэн кинонд тоглож байсан ч гол дүр бүтээсэн нь цөөхөн. Тиймдээ ч бусад шиг гялалзаж чадалгүй өнөөг хүрчээ. Удаан хугацааны дараа Малик “Queen” хамтлагийн гоцлол дуучин, домогт рок од Фредди Меркьюригийн амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүрийг бүтээсэн юм. Энэхүү кино үзэгчдийг байлдан дагуулсанаас гадна олон саяыг халаасалсан.
Малик рок одын дүрийг ТӨГС бүтээснээс гадна гадаад төрхөөрөө ялагдахын аргагүй байсан нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татсан билээ. Тэрбээр уг дүрээрээ “холлливуудын алдартнуудын жагсаалт”-д багтаж, “Алтан бөмбөрцөг”, “БАФТА” болон “Оскар”-ын хамгийн өрсөлдөөнтэй номинаци болох “Шилдэг эрэгтэй гол” дүрийн шагналын эзэн боллоо. Малик хайртай дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртсэн ба шагнал гардан авахдаа түүний хэлсэн үг хятадуудыг багагүй сандаргасан гэнэ. Рок од Фредди Меркьюри бодит амьдрал дээрээ ижил хүйстэн байсан бөгөөд тэр ДОХ-оор өвчилж, нас барсан нэгэн. Малик тайзан дээрээс ижил хүйстнүүдийн талаар ярьсан нь шууд дамжуулж байсан Хятадын “Манго” телевизийг багагүй сандаргажээ.
Жүжигчин залуу тайзан дээрээс “Фредди Меркьюригийн дүрийг бүтээх завшаан олдсонд маш их талархаж байна. Түүний амьдралаар амьдрах боломж олгосон найруулагч болон кино багийнхандаа талархлаа. Энэ дүр намайг өөрөөр харахад хүргэсэн. Би энэ дүрийн тусламжтай гей хүмүүсийн амьдралыг илүүтэй ойлгосон. Хүн ямар ч сонголтын өмнө ирж болно. Гэхдээ энэ биеэ хэрхэн аз жаргалтай болгох хэрэгтэй вэ гэдгээ ухаарах хэрэгтэй. Одоо гей хүмүүсийн амьдралын ойлгож, боломж олгох цаг иржээ” гэж хэлжээ. Хятадад гей хүмүүсийг хүлээн зөвшөөрдөггүй ба өөрсдийгөө илчилсэн олон хүнийг баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэдэг.
Мөн телевиз, радио, сонин, сэтгүүл, нийгмийн сүлжээгээр “гей, лесби” гэх үгийг ашиглахыг хатуу хориглодог юм. Тиймээс Маликийн хэлсэн “гей” гэх үгийг “Манго” телевизийнхэн ТУСГАЙ БҮЛЭГ хэмээн орчуулж, үзэгчдээ хүргэжээ. “Гей” гэх үгийг “тусгай бүлэг” хэмээн орчуулсан нь зарим үзэгчид жүжигчний хэлсэн үгийг бүрэн утгаар нь ойлгоход хүндрэл үүссэн аж. “Оскар”-ын арга хэмжээний дараа сошиалчид “Манго” телевизийг “Гей гэх үгийг ч дамжуулж чадахгүй телевиз. Үнэхээр гунигтай юм”, “Тэд юунаасаа айгаад байгаа юм бол”, “Энэ талаар бүгд л мэднэ”, “Та нараас болж Маликийн үгийг ойлгосонгүй” хэмээн хурцаар шүүмжилжээ. Тус телевиз 2018 оны “Eurovision Song” тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхдээ гей хүмүүсийн солонгон өнгийн далбааг цайруулж, үзэгчдэд хүргэсэн нь мөн шүүмжлэл дагуулсан юм. Энэ болхи үйлдлийн дараахан тус телевизийн редактор албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: “www.dailymail.co.uk”