Банкны зээлийн хүү нийгмийн хамгийн эмзэг сэдвийн нэг. Гэвч энэ сэдэв байнгын хориотой сэдэв шиг тэр бүр хөндөгддөггүй. УИХ-аар банкны эрх ашигтай холбоотой хуулийн төслүүд хэлэлцэх үеэр эсвэл үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд энэ талаар хаа нэгтээ дуугарахыг эс тооцвол сэдвийг тойрон өрнөх яриа тэгсхийгээд мартагддаг. Энэ талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Намжилтай манай сурвалжлагчийн асуултад хариулж байна.
-Монголын арилжааны банкуудын зээлийн хүү маш өндөр. Банкууд зээлийн хүүгээ бууруулахдаа дурамжхан хандаж байна. Тэд яагаад зээлийн хүүгээ тогтоогоод бариад байдаг гэж үздэг вэ?
-Хадгаламжийн хүү нь өндөр байгаатай холбоотой. Банкууд иргэдээс хадгаламж авахдаа жилийн 12-14 хувийн хүү тооцдог. Банк нь хүний мөнгийг авч хадгалаад, тэр мөнгийг бусдад зээлдүүлж байгаа. Тэгэхээр үүнээсээ давуулж зээлийг 18 хувийн хүүтэй өгч байгаа юм. Нэмж буй 4 хувь нь орлого болоод зардлаа нөхөж, банк ашигтай ажиллах нөхцлөө бүрдүүлдэг.
Бүх улс оронд хадгаламжийн хүү 1-ээс доош хувьтай байдаг. Зарим оронд тэг байдаг. Германд гэхэд хасах хүүтэй байна. Тиймээс хадгаламжийн хүүг манайх ч гэсэн 1 хувь болгох ёстой.
-Хасах хүүтэй байна гэдэг бол мөнгө хадгалуулаад ямар ч ашиг авахгүй гэсэн үг биз дээ?
-Яагаад гэвэл тэрбум төгрөгтэй хүн мөнгөө гэртээ хадгалахгүй учраас банкинд хадгалуулна. Аюулгүй байдлыг нь банк хангаж байгаа учраас мөнгө төлж байгаа хэрэг. Өндөр хөгжилтэй орнууд бүгд ийм болж байгаа.
Тиймээс хадгаламжийн хүү 1 хувь болохоор зээл өгөхдөө 3-4 хувиар тооцно. Энэ бол банкны зээлийн хүүг бууруулах боломж. Одоо манайх хадгаламжийн хүүг 1-ээс доош буулгах ёстой.
Жишээлбэл, 100 сая хүртэлх төгрөгтэй иргэдийн хадгаламж 1 хувь, 100 саяас 500 сая төгрөгийн хадгаламж 0.5, нэг тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжийг 0.3 хувь гэх мэтээр хадгаламжийн хэмжээ өсөх тусам хүү нь багасах журмаар тооцох юм. Ингэж л зээлийн хүү буурна.
-Хадгаламжийн хүүг буурууллаа гэж бодъё. Ийм боломж бүрдлээ гэхэд банкинд байгаа мөнгөн хадгаламжийн хүүг ямар зохицуулалтаар шилжүүлж болох вэ?
-Арилжааны банкууд Монголбанктай 3 сараас дээш хугацаагаар гэрээ байгуулахгүй байгаа. Тэгэхээр банкуудтай байгуулсан хадгаламжийн гэрээ дуусгавар болсноос хойшх хүүг тэгж тооцно гээд урьдчилаад мэдэгдчихнэ.
Жишээ нь, Дорж хоёрдугаар сарын 1-нд гурван сарын хугацаатайгаар мөнгө хадгалуулсан байлаа гэхэд тавдугаар сарын 1-нээс хүүг нь 1 хувиар тооцно. Энэ бол гэрээгээ зөрчихгүй хялбар арга юм.
Хугацаагүй хадгаламжинд угаасаа маш бага хүү бодогддог болохоор хамаагүй. Хугацаагүй хадгаламжинд хадгалуулсан мөнгийг хэзээ ч авч болох учраас бараг хүү тооцдоггүй. Тэгэхээр гэрээн дэх хадгаламжийн хугацаа дууссанаас хойш гэдэг заалтаар хүүг шилжүүлж болно. Хэрэв хадгалуулахгүй гэвэл мөнгөө банкнаас авна.
-Хүүхдийн хадгаламж урт хугацааных байдаг. Ийм хадгаламжуудыг ямар байдлаар зохицуулж болох вэ?
-Энэ төрлийн хадгаламжийн хүү жилээр тооцогддог. Жилийн хугацаа дуусангуут нь өөрчилнө гэсэн үг. Хугацаатай хадгаламж дээд тал нь 6 сар л байгаа. Банкууд хүүгээ дээш доош хөдөлгөж байхын тулд урт хугацаагаар боддоггүй юм.
Жишээ нь, Дорж тэрбум төгрөгөө 14 хувийн хүүтэй хадгалуулж байснаа 1 хувийн хүүтэй болоход мөнгөө хадгалуулахгүй гээд ачааны машин авчраад гэр лүүгээ аваад явж болно. Зарим хүмүүс банк хоослоод мөнгөө аваад явчихна гэж байгаа юм. Хэзээ ч тийм юм байхгүй.
-Зээлийн хүүг бууруулах юм бол гадны банкууд орж ирнэ. Гадны банк орж ирвэл дотоодын арилжааны банкууд дампуурна гэсэн ойлголт байдаг. Банкууд ч ийм ойлголтыг сайн өгөөд байх шиг байдаг. Гадны банк эрүүл өрсөлдөөнийг бий болгох уу эсвэл үндэсний банкуудад сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Гадны банкуудыг оруулж ирэх нь зөв. Олон улсын бүх банкны зээлийн хүү 1-2 хувь. Японд гэхэд 0.5 хувь байгаа. Гадны банк ороод ирвэл зээлийн хүү хэд болох уу гээд бодоод үз.
-Хадгаламжийн болон зээлийн хүүг бууруулахаар хамгийн бага хүүтэйд тооцогддог ЖДҮХС-гийн зээлийн хүү хэд болох боломжтой вэ?
-Гурван хувийн хүү одоогийн түвшинд боломжтой л доо. Татвар төлөгчдийн мөнгөөр тэр санг байгуулчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа хэд ч болж болно.
-Та ямар судалгаан дээр үндэслэж банкны зээлийн хүүг бууруулж болно гэж үзсэн бэ?
-Би олон улсын банкуудын хадгаламжийн хүүг нь судалж үзсэн. Ихэвчлэн 0-2 хувийн хүүтэй байна.
-Хүүгийн хувийг тогтооход макро болон микро эдийн засаг, инфляц, валютын ханш зэрэгт ямар нөлөө гарах вэ?
-Хадгаламжийн хүү хэчнээн бага байх тусмаа зээлийн хүү бага байж, бизнесийн орчин эрүүлжинэ. Хадгаламжийн хүү өндөр байвал зээлийн хүү өндөр байна. Иргэдийн олсон орлого, хадгаламжийн хүүг инфляцитай уялдуулах шаардлага байхгүй. Бизнесийн орчин сайжраад ирэхээр аяндаа инфляци багасна.
Зээлийн хүү өндөр байгаа учраас инфляци түүнийгээ дагаад өндөр байгаа юм. Валютын ханш мэдээж шууд зээлийн хүүтэй уялдахгүй. Гэхдээ ханш, инфляци хоёр нь нэг хүчин зүйлээс хамааралтай учраас дотоод орчин сайжраад ирэхээр аяндаа ханш цаашдаа тогтвортой түвшинд байх боломжтой. Тийм учраас энэ бодлогыг зөв талаас харж тайлбарлах ёстой.
-Банкууд хүүгээсээ хэдий хэмжээний ашиг олдог бол?
-Зөрүүгээсээ зардлаа хасаад ашиг нь гарна. 2018 онд ХААН банк хамгийн их ашигтай буюу 50-иад тэрбумын ашигтай ажилласан байна лээ. Дараа нь Голомт банк байгаа.
Я.ХУЛАН
4 comments
Дураараа чалчиж байх шив Цаг үеэ мэдэрч чадахгүй байж өндөр хөгжилтэй орнуудтай зүйрлэх шаардлагагүй их юм мэддэг юм шиг чалчихаа боль
Iim yum yarij baigaa bagshtai surguuliig business school geheer yana?
Ene hun uneheer ih surguulid ediin zasagiin professor gejuu? Arai ugui bailguidee. Uneheer tiim bol oyutnuud mini ene huneer hicheel zaalgahaas tatgalz. Iim medlegtei ediin zasag iin professor baij BOLOHGUI EE, HUMUUSEE!!! Omnoos ni ichchihlee
Энэ хүний зөв өө. Эдийн засгийг эрүүлжүүлэх нэг хүчин зүйл банкны хадгаламжийн хүүг бууруулах явдал. Дагаад зээлийн хүү буурна. Зээлийн хүү буурахаар барааны үнэ, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ буурна шүү дээ. Эдийн засаг, зах зээлийн харилцааны гол хүчин зүйл болох “тухайн улс орны мөнгөний эргэлт” бүгд хоорондоо уялдаа холбоотой байдаг.