Төрийн сангууд буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс олгодог зээлийн сангуудын хяналтгүй зарцуулалтын талаар үргэлжлүүлэн хөндөж байна. Энэ удаад iKon.mn Боловсролын Зээлийн Сан (БЗС) буюу оюутнуудын гадаад болон дотоодод сурахад дэмжиж зээл өгдөг байгууллагын мэдээллийг цувралаар олон нийтэд хүргэхээр эхний материалаа нийтэлж байна. Бидэнд олдсон мэдээллээр гадаадын их, дээд сургуульд сурахаар зээл авсан 1,860 орчим оюутан байгаагаас өнөөдрийн байдлаар 179 нь ор сураггүй буюу БЗС-нд ямар ч бүртгэлгүй хүн байна.
Эдгээр 179 иргэний зээлийн үлдэгдэл болох 4.5 сая долларын авлага үүсээд байгаа юм. Хоёр жилийн өмнө БЗС гадаадад зээлээр суралцагчдаас огт эргэн төлөлт хийхгүй байгаа 400 орчим иргэнийг танилцуулсны дүнд зарим хүний зээлээ эргэн төлөх идэвх нэмэгдэж тоонд ийнхүү өөрчлөлт орсон бололтой. Тус сангаас төр засагт ажиллаж байх явцдаа зээл авч хүүхдээ гадаадад сургасан олон эрхмийн тухай хөндөгддөг ч тэд мэдээлэл задарсны дараа төлбөрөө төлж эхэлсэн бололтой.
Гэхдээ энэ мэдээллийг ил тод болгохын төлөө бид ажиллах болно. Учир нь БЗС-нд төсөвлөгддөг мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Монгол Улсын иргэн бүр энэ сангийн оюутан шалгаруулалтын зарчим үнэн зөв явагдаж байгаа эсэх, шалгарсан этгээдүүдийг мэдэх ЭРХТЭЙ. Дотоодын сургуульд сурахаар зээл авсан зээлдэгчдийн тухайд, 1993 оноос 14,000 гаруй оюутны 15 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй, эдгээр төгсөгчийн дипломнууд БЗС дээр хадгалаастай байна.
Өөрөөр хэлбэл дотоодын их дээд сургуульд суралцагчдын тухайд мөн л зээлээ эргэн төлөөгүй 14 мянга гаруй хүн байна гэсэн үг. Гэхдээ дотоодын сургуульд зээлээр суралцагчдын хувьд харьцангуй амьдралын хүнд нөхцөлийн улмаас зээл авах магадлал өндөр хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Харин бид гадаадад өндөр хэмжээний төлбөр авч сурах боломжоор хэн хангагдаж байна вэ, тэд зээлээ эргэн төлж байна уу гэдэгт илүү анхаарлаа хандуулж байна. Юуны түрүүнд гадаадад сурсан ч ор сураггүй болсон 179 хүний нэрийг танилцуулъя.
(График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой) Ингээд нэрсийг эндээс үзнэ үү.
Эх сурвалж: Ikon.mn