НИТХ-ын энэ сарын 21-нд хуралдсан хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Өмнө нь НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан. Мөн МАН-ын Хяналтын хороо түүнийг намын гишүүнчлэлээс хассан байгаа.
Холбогдох хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид нийслэлийн засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг өнөөдрөөр (2019.02.26) товлосон юм. Тиймээс өнөөдөр хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэнэ.
С.Мөнхчулуун хэдийгээр нам бус болсон ч хотын даргад дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Харин МАН-ын зүгээс түүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдээд буй.
Ямартай ч С.Мөнхчулуун бие даан нэр дэвших бололтой. Өмнө нь МАН-ын Удирдах зөвлөл болон тэргүүлэгчдийн зүгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бөгөөд энэ удаад ч дахин нэр дэвшүүлж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн хуралдаанаар хотын даргад сонгогдох нэр дэвшигчийг Ерөнхий сайд ажлын тав хоногт батламжилж, хот ирэх долоо хоногт Засаг даргатай болох учиртай.