-Ард иргэд ачсан мод болгоныг хулгайнх гэж хардаг болсон-
Ойн цэвэрлэгээний ажил нэгдүгээр сараас эхэлсэн боловч түймрийн аюултай улирал харьцангуй эрт ирсэн учир түр хугацаагаар зогсоожээ. Энэ жил хэчнээн талбайг цэвэрлэх шаардлагатай болон хууль бус мод бэлтгэлийн талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодрууллаа.
-Ойн цэвэрлэгээний ажил эхэлсэн гэсэн. Хэчнээн талбайг цэвэрлэхээр төлөвлөсөн бэ?
-Ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай талбайн хэмжээг БОАЖ-ын сайдын тушаалаар баталдаг. Тодруулбал, тухайн жилд хэчнээн га-д ойн цэвэрлэгээ хийх, хэр хэмжээний мод бэлтгэх зэргийг сайдын тушаал гарсны дараа орон нутагт хүргүүлдэг. Монгол Улсын ойн санд 2.6 орчим сая га талбайд 60 гаруй шоо метр унасан, хатсан модны нөөц байна гэж судалгааны байгууллага тогтоосон.
-Цэвэрлэгээний ажилд компаниуд эрх авч оролцдог гэсэн. Хэдэн байгууллага эрх авсан бэ?
-Ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ гэдэг мэргэжлийн чиглэл байдаг. Ойн мэргэжлийн байгууллага гэсэн эрхийг БОАЖЯ-наас олгодог. Энэ чиглэлийн эрхийг авсан байгууллага Монгол Улсын аль ч ойн сан бүхий аймаг, сумдын ИТХ-д хандаад “Танай суманд ой арчилгаа, цэвэрлэгээний ажил хиймээр байна” гэсэн хүсэлтээ гаргаад цэвэрлэгээ хийж болно. Тодруулбал, төв аймгийн ойн арчилгаа, цэвэрлэгээний эрх бүхий мэргэжлийн байгууллага зөвхөн төв аймагтаа цэвэрлэгээний ажил хийнэ гэсэн ойлголт байхгүй. Улсын хэмжээнд 400 гаруй мэргэжлийн байгууллага бий. Энэ онд 9000 га-д ойжуулалтын ажил хийнэ.
-Ойн цэвэрлэгээний ажил эхлэхээр хууль бус мод бэлтгэлийн асуудал сөхөгдөж эхэлдэг. Ойд ямар зөрчил их гардаг вэ?
-Ард иргэд ачсан мод болгоныг хулгайнх гэж хардаг болсон. Одоо бол тэгж ой руу дураараа ороод, огтлоод хэн дуртай нь ачаад явдаг асуудал бараг байхгүй болсон. Хууль ч чангарсан. 2017 болон 2018 оныг харьцуулахад зөрчлийн тоо 20 гаруй хувиар, хууль бусаар бэлтгэсэн модны хэмжээ 40 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2010 онд жилдээ 4000-5000 шоо метр модыг хууль бусаар огтолж байсан бол сүүлийн таван жилийн дунджаар 400-500 шоо метр болж буурсан. Ойд хамгийн их гарч байгаа зөрчил нь мэргэжлийн байгууллага болон нөхөрлөлүүд зааж өгсөн талбайгаас хальж авах, бичиг баримтын болон технологийн холбогдолтой зөрчил байгаа.
-Цэвэрлэгээ хийхээр ойн хэмжээ багасна. Тиймээс нөхөн сэргээх ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хүчтэй цасан болон шороон шуурганаас болж ой их хэмжээгээр унадаг. Мөн ойн түймэр болон хортон шавжийн нөлөөгөөр ойн ургах чадвар алдагдаж, ургах чадваргүй болсон мод байгаль экологидоо сөрөг үр дагавар авчирдаг. Үүнтэй холбоотойгоор ойд цэвэрлэгээний ажлыг хийх зайлшгүй шаардлагатай. Зарим нь байгалийн сэргэн ургалтаар ургадаг. Харин ургах боломжгүй ойн сангийн талбайг зориудаар ойжуулна. Жилд 6000 орчим га-д ойжуулалт хийж байна. Энэ онд 9000 га-д ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөсөн.
-Ойд нөхөн сэргээлтийн ажил хийхэд хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?
-Өнгөрсөн жилд 1.5-2 тэрбум төгрөг зарцуулсан. Санхүүгийн асуудлаас болоод хангалттай нөхөн сэргээлтийн ажил хийж чадахгүй байгаа.
-Цэвэрлэж байгаа модоо юунд ашигладаг вэ?
-Монгол Улсын мод бэлтгэлийн хэрэгцээг хангадаг. Түлээний хэрэгцээнд гэхэд улсын хэмжээнд 700-800 мянган шоо метр мод бэлтгэдэг. Үүнээс гадна, хэрэглээний модонд ашигладаг.
Эх сурвалж: “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН