Суданы Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан сүүлийн хоёр сар гаруйн турш өрнөсний дараа улс даяар нэг жилийн онц байдал зарлаж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Омар аль-Башир мэдэгдэв. Баасан гарагт Суданы Ерөнхийлөгч үндэсний зохицуулалтын хорооны гишүүд, мужийн захирагчид болон эрх баригч Үндэсний конгресс намын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзсаны дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна.
О.Аль-Башир хэлэхдээ, эдийн засгийн нягт арга хэмжээг шинэ Засгийн газар батлах ёстой хэмээгээд, яриа хэлэлцээ бүрэн дуусах хүртэл Засгийн газрын үйл ажиллагааг явуулах зөвлөлийн шинэ багийг томилно гэжээ. Мөн тэрбээр, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн шинэ хугацааг эхлүүлэх шаардлага үүсэх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хойшлуулахыг парламентэд уриалжээ. Суданы Ерөнхийлөгч стратегийн зорилгодоо хүрэх ач холбогдлын талаар онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн тэрбээр яриа хэлэлцээ хийхээс өөр сонголт бидэнд байхгүй хэмээн хэлээд, энэ цаг үед төдийгүй ирээдүйд тулгамдах асуудлуудын талаар зөвшилцөлд хүрэх яриа хэлэлцээнд нэгдэхийг сөрөг хүчнүүдэд уриалсан байна. Суданы эдийн засаг уналтад орсон хийгээд үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнийг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал цуглаан өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш өрнөж байгаа юм.