Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломментай ярилцлаа.
– Та 2018 оны Монгол Улсын эдийн засгийг хэрхэн дүгнэж байна вэ?
– 2018 он гайхалтай жил байлаа. ДНБ-ний өсөлт, түүний гүйцэтгэл 2018 оны эхэнд хийгдэж байсан бүх төсөөллийг давснаас гадна, төсвийн тал дээр томоохон ахиц гарсан нь гайхалтай юм. ялангуяа, би төсвийн гүйцэтгэл болон төсөв ашигтай гарсанд өндөр сэтгэгдэлтэй байна. Энэ нь томоохон ахиц бөгөөд учир нь хэдхэн жилийн өмнө тус улсын эдийн засаг хүндэрч, ДНБ-ий өсөлт саарч, төсвийн алдагдал ихэссэн зэрэг макро эдийн засгийн бусад үзүүлэлтүүд бүгд тогтворгүй байсан. тиймээс эдийн засаг богино хугацаанд сэргэж, төсвийн нөхцөл байдал сайжрахын хамт өсөлтийн буюу зөв голдиролдоо орлоо. Энэ бүхэн ОУВС-ийн хөтөлбөрийн тусламжтай бий болсон ба энэ нь мөн төсвийн тэнцвэржүүлэлт зэрэг эдийн засгийн хэт өсөлтийг хязгаарлах, хөргөх нөлөө үзүүлдэг.
– Тэгвэл 2019 оныг хэрхэн төсөөлж байна вэ?
– 2019 оны эдийн засгийн төлөв мөн л эерэг байх хандлагатай байна. Яг одоо бид цаашдын төсөөлөл, тооцоон дээрээ ажиллаж байгаа. 4-р сарын эхээр зарлагдах болно. Бид энэ жил дНБ-ний өсөлтийг 6 орчим хувь байхаар харж байгаа. Энэ нь тогтвортой буюу эрүүл өсөлт байх юм.
2019 онд анхааралтай ажиглах ёстой зүйлсийн нэг нь яах аргагүй түүхий эдийн үнэ юм. Энэ жил нүүрсний үнийн өөрчлөлт ямар байх бол?
Эдийн засагт нөлөөлөх гадаад хүчин зүйлсийн төсөөллийг гаргахад ихээхэн хүндрэл учирдаг. Одоогийн байдлаар түүхий эдийн үнийн трендэд томоохон өөрчлөлт гарна гэж бид харахгүй байна. Мэдээж, маш олон тодорхойгүй байдал оршсоор байна. Дэлхийн эдийн засаг худалдааны тал дээр томоохон асуудлуудтай тулгарчихсан байна. Худалдааны хоригууд нэмэгдэх нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө.
Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг байна. Нүүрсний хувьд Монгол Улсын гол экспортын бүтээгдэхүүний нэг бөгөөд, анхаарч байвал зохих зүйл бол БНХАУ-ын зүгээс нүүрсэнд тавьж болзошгүй хязгаарлалт юм. Гэхдээ 2018 онд нүүрсний экспорт харьцангуй сайн байсан. Мөн түүнээс гадна анхаарвал зохих өөр нэг зүйл бол гадаадын шууд хөрөнгө оруулалт юм. Энэ нь 2018 онд 2 тэрбум ам.долларыг давсан ба 2019 өндөр хэвээр байх хандлагатай байна.
– Монгол Улсад ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Монголбанкны зүгээс тохиролцсондоо хүрэхийн тулд идэвхтэйгээр ажиллаж байна. Төв банкны зүгээс ялангуяа, банкны салбарын реформыг эхлүүлсэн бөгөөд 2019 онд юун дээр анхаарвал зохих вэ?
– Банкны салбарын хувьд Монголбанкнаас 2018 онд хэрэгжүүлж байсан санаачилга, бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зохимжтой болов уу. Ялангуяа, тус салбарт хийгдсэн активын чанарын үнэлгээ бол маш чухал ажил байсан. Үнэлгээний үр дүн бидний төсөөлж байснаас илүү эерэг гарсан байгаа. Гэхдээ цаашид санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад шаардлагатай чухал реформуудыг хийх нь зүйтэй. Учир нь банкны салбар нь эдийн засагт чухал үүргийг гүйцэтгэдэг. хэрэв тус салбар хүндэрвэл, эдийн засагт маш их хөнөөл учруулах болно. Тиймээс зохицуулалтын орчинг үргэлжлүүлэн сайжруулж, чанаргүй зээлийн түвшинг анхааралтай хянаж, бодит эдийн засагт нөлөөлөх буюу орлого, өсөлтийг муутгаж болзошгүй тогтворгүй байдлаас сэргийлэх нь зүйтэй юм.
– Монголбанк макро зохистой бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй болсноор хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 70%-д, хугацааг дээд тал нь 30 сар байхаар тогтоож өгсөн. Хэрэглээний зээл сүүлийн хугацаанд их хэмжээгээр өсч байгаа нь энэхүү арга хэмжээг авахад хүргэсэн. Хэрэглээний зээл өсөх нь богино хугацаанд эдийн засгийг дэмжих хэдий ч, дунд урт хугацаанд эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай байдаг. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
– Банкны болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгална гэдэг маш чухал. Банкны зээл өснө гэдэг нь нийт эрэлтээр дамжуулж эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ хэт өсч, стандарт хэмжээнээс давах юм бол зээл нь эдийн засагт тогтворгүй байдлыг бий болгодог. Тиймээс олон улсын стандартыг мөрдөж, бусдаас сургамж авч ажиллах нь зүйтэй. Санхүүгийн эдгээр харьцааг санамсаргүйгээр тодорхойлдоггүй бөгөөд ихээхэн тооцоо, шинжилгээн дээр үндэслэж тогтоодог. Тиймээс зээл хэт өсч дунд болон урт хугацаанд асуудал үүсгэхгүй байх нь чухал.
– Төв банкны хараат бус байдал, мөнгөний бодлогын орон зайны хувьд маш чухал зүйл шүү дээ. Манай улсын төв банкинд энэ байдал хэр хангагдаж чадаж байна гэж та үзэх вэ?
– Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулбал нөхцөл байдал тогтворжоод байгаа. Өөрөөр хэлбэл, 2015 онд мөнгөний нийлүүлэлт тогтворгүйгээр өсч, инфляцийн дарамтыг бий болгож байсантай харьцуулбал өнөөдөр мөнгөний бодлогын нөхцөл байдал тогтворжсон. Мөн саяхан бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргасан нь инфляцийн эсрэг авсан чухал арга хэмжээ юм.
– Та Монгол Улсад багагүй хугацаанд ажиллаж байна. Банкны салбарын хөгжил болон цаашид ямар эрсдэлүүд оршиж байна гэж харж байгаа вэ?
– Би Монголд 2001 оноос хойш ажиллаж байна. Тэр цагаас хойш тус улсын эдийн засаг бүх салбарт хурдацтайгаар хөгжсөн. Энэ хөгжилд банкны салбар ч хамаарах ба илүү нарийсан, цаг үетэйгээ нийцэж, боловсронгуй болоод байгааг тэмдэглэх нь зүйтэй. сүүлийн үед өсөөд байгаа чанаргүй зээлийг болзошгүй эрсдэл хэмээн үзэж байна. Аль ч улсад чанаргүй зээлийн түвшин бол банкны салбарын эрүүл байдлыг илэрхийлдэг чухал үзүүлэлт. Учир нь чанаргүй зээл хэт өсөх нь банкны салбарын тогтвортой байдлыг алдагдуулж, бодит эдийн засагт сөргөөр нөлөөлөн, хамгийн муугаар бодоход хямралд хүргэх эрсдэлтэй. Тиймээс түрүүн хэлсэнчлэн зээлийн түвшинг удирдлагадаа байлган, олон улсын зөвшөөрөгдсөн арга хэмжээнүүдийг авч байгаа нь зүйтэй юм.
– Та Хятадад ажиллаж байсны хувьд тус улсын эдийн засгийн байдлыг сайн мэдэх хүний нэг гэж үзэж байна. АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөөд байгаа худалдааны маргаанд эерэг хүлээлт бий болоод байна. Худалдааны маргаан нь олон улсын эдийн засагт анхаарч байвал зохих чухал хүчин зүйл учраас цаашид хэрхэн өөрчлөгдөх бол?
– АНУ болон БНХАУ-ын хооронд хэлэлцээр өрнөхөөр болсон нь чухал юм. дэлхийн хамгийн том эдийн засгуудад гарах өөрчлөлтүүд нь бусад улс оронд нөлөөлж байдаг. БНХАУ нь Монгол Улсын хөрш, худалдааны томоохон түнш, хөрөнгө оруулагч. Монгол Улсын хувьд БНХАУ тогтвортой байж, эдийн засгийн өсөлт нь эрүүл түвшинд хадгалагдах нь чухал. худалдааны маргааны хувьд нөхцөл байдал хоёр талт харилцаанд хүндрэл үүсч, худалдааны хориг эсвэл тариф тавигдаж эхэлсэн өмнөх жилийг бодвол сайжирсан.
Худалдааны хоригууд энэ оны 1-р сарын 1-ээс эхлэн хэрэгжихээр байсан ч хэрэгжээгүй нь миний хувьд баяртай байна. Энэ нь хоёр орны хооронд хэлэлцээр хийгдэж эхэлсний үр дүн юм. Тэдгээр орнууд тарифын нөлөөг буруулах арга замыг эрэлхийлж байгаа. түүхээс харахад худалдаанд хориг тавьж байсан нь дэлхийн эдийн засагт хурц хямралыг авчирсан байдаг. Тиймээс худалдааг дэлхийн худалдааны Байгууллагын дүрмийн дагуу хийх нь чухал юм.
Худалдааны хувьд ярихад Монгол Улсын худалдааны бодлого тогтвортой байсан удаагүй.Энэ нь төлбөрийн тэнцэлд дарамт учруулж, улмаар валютын ханшид сөргөөр нөлөөлдөг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх болох талаар саналаа хуваалцахыг хүсч байна. Худалдааны бодлого нь Монгол Улсад сорилт болсоор ирсэн. худалдааны бодлогод томоохон худалдааны түншийн нөлөө зонхилох үүрэгтэй. ялангуяа, түүхий эдийн экспорт бараг 100% нэг зах зээлээс хамааралтай байгаа нь Монгол Улсыг гадаад орчны өөрчлөлтөд ихээхэн эмзэг болгож байгаа ба үүнийг удирдахад ихээхэн бэрхшээлтэй. Ихэнх тохиолдолд том улсууд үнийг тодорхойлдог бол, жижиг эдийн засгууд үнийг хүлээн авагч болж байдаг. Жижиг улсад маневр хийх бололцоо хумигдмал байдаг. Тиймээс Монгол Улсад тулгараад байгаа нэг сорилт бол эдийн засгийг төрөлжүүлэх бөгөөд засгийн газраас ч баримталж ирсэн чиглэл энэ юм. Эдийн засгийг хэр сайн төрөлжүүлнэ тэр чинээгээр томоохон түншүүдээс хамааралтай байдал буурч ирдэг. Гэхдээ түүхий эд бол Монгол Улсын эдийн засгийн чухал хэсэг, хувь нэмэр оруулагчийн хувьд экспорт гадаад хүчин зүйлсээс хамааралтай хэвээр байна. Үүнийг том сорилт гэж харж байна.
– АХБ нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч чухал түнш. Тус хөтөлбөрөөс гадна АХБ-ны зүгээс Монгол Улсад багагүй ажлуудыг хийж байгаа. Тиймээс АХБ-ны Монгол Улсад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
– Бид олон улсын бусад байгууллагатай хамтран ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч чухал түнш ч гэлээ, бидний хувьд өөрсдийн хэлэлцээрүүдийг хөтөлбөрөөс гадна, бие даан Засгийн газартай хийж ирсэн. Бидний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа үргэлж эрэлттэй уялдаатай байдаг. Тиймээс АХБ Засгийн газартай хамтран улс оронд хязгаарлалтуудыг бий болгоод байгаа зүйлсийг шийдвэрлэхэд чухал, эрчимтэй яриа хэлэлцээрүүдийг хийдэг. Энэ хүрээнд бид эдийн засгийг төрөлжүүлэх тал дээр ихээхэн идэвхтэй ажиллаж байгаа. Тухайлбал, жижиг дунд бизнесүүд болон газар тариалангийн бизнесүүдийг дэмжих, боловсрол болон эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээг сайжруулах, дэд бүтэц болон харилцаа холбоог хүртээмжтэй болгох тал дээр анхаарах, банкны салбарт дэмжлэг үзүүлэх, бүс нутагт хамтын ажиллагааг хөрш зэргэлдээ орнуудтай дээшлүүлж, зах зээлийн хүрээг өргөжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн, дэмжин ажиллаж байна.
– Энд хүрээд бидний ярилцлагын эхний хэсэг өндөрлөж байна. Үргэлжлүүлэн бид та болон таны мэргэжлийн амьдралын талаар ярилцах болно. Хэрэв миний зөв бол та Испаниас гаралтай. Та Испанийн аль хэсэгт төрж, өссөн бэ?
– Тийм ээ. Та зөв хэллээ [инээв]. Би Испанийн нийслэл Мадрид хотод, цэргийн дэглэмтэй байх үед төрсөн. Намайг бага байхад Испани улсад ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих их хөдөлгөөн өрнөж байсан. тиймээс, Испанитай ижил төстэй буюу эдийн засаг, улс төрийн талбарт чухал шинэчлэлийг хийсэн Монгол Улс шиг орнууд надад маш дотно санагддаг. Испанийн шилжилтийн үе 70-аад оны сүүлээр эхэлсэн бөгөөд 80-аад онд эрчимжсэн. Энэ үе бол манай улсын хувьд нийгэм, улс төр, эдийн засгийн маш их сонирхолтой өөрчлөлтийг хийж байсан үе. Испани улс диктатурын дэглэмтэй байсан тул Европын бусад орноос тусгаарлагдаад байсан бөгөөд Евро бүсийн орнуудтай харьцуулахад хөгжлийн хувьд мэдэгдэхүйц хоцрогдоод байсан. Тиймээс, Европын холбоонд элсэхийн тулд манай улс бүрэн хэмжээний бүтцийн өөрчлөлт, реформыг хийх шаардлагатай болсон.
Бид бүгдийн мэдэж байгаачлан эдгээр шинэчлэл сөрөг нөлөө ихтэй бөгөөд манай улсын орчин үеийн түүхэнд ажилгүйдэл, ДНБ-ийн уналт, гиперинфляци гэх мэт маш олон таагүй зүйлсийг туулсан хүнд үе болж үлджээ. Гэхдээ бид (Испани улс) дунд болон урт хугацаанд эдийн засгаа тогтворжуулж, цаашид өндөр стандартыг тогтоон ЕХ-той нэгдэж, дэлхийн эдийн засагтай нягт хамтран ажиллаж, хүрээгээ өргөжүүлж чадсан. Энэ өөрчлөлт намайг залуу байх үед тохиолдсон чухал үйл явдал байсан юм. Магадгүй энэ нь миний эдийн засагч болохоор шийдсэн гол шалтгаануудын нэг. Учир нь үүний үр дүнд би эдийн засаг их сонирхолтой болсон.
-Үнэндээ би Танаас энэ асуултыг яг асуух гэж байлаа. Та яагаад эдийн засагч болохоор шийдсэн бэ?
– Би олон мэргэжил дундаас макро эдийн засагч болохоор шийдсэн. Учир нь макро эдийн засагч эдийн засагт нэг дор тохиолдох олон үйл явдлыг бүхлээр нь ойлгож, шинжилгээ хийж чаддаг. Магадгүй, макро эдийн засагч болсноор тодорхой салбараар нарийн мэргэшдэггүй ч тогтолцоог бүхлээр нь хэрхэн ажиллаж байгааг эсвэл аль нэг салбар хүндэрвэл юу болохыг том дүр зургаар ойлгодгоороо давуу талтай юм. Мөн мөнгөний бодлого эсвэл төсвийн бодлогод өөрчлөлт гарах үед эдийн засагт үзүүлэх нөлөөллийг мэдэх боломжтой. Ингэснээр системийг бүхлээр нь буюу шаардлагатай бүх уялдаа холбоосыг бүргэдийн нүдээр харах боломжийг олгодог. Үнийг би гайхалтай зүйл гэж бодсон. Тиймээс ч би энэ чиглэлд мэргэшиж, докторын зэргээ макро эдийн засгаар хамгаалсан.
– Та докторын зэргээ Хятадын эдийн засаг сэдвээр хамгаалсан. яагаад та энэ сэдвийг сонгосон бэ?
– Тийм ээ, манай оронд тохиолдсон үйл явдалтай ижил төстэй байсан тул хятад миний сонирхлыг татсан. БНХАУ-ын эдийн засгийн өөрчлөлт тэр дундаа тэдний хүрсэн үр дүн, сая сая хүн ядуурлаас ангижирсан явдал нь сэтгэл татам юм. хятад улсын эдийн засгийн шинэчлэл нь маш богино хугацаанд хийгдсэн бөгөөд өөрчлөлтийг сууриар нь хийж чадсан нь мөн л гайхалтай байсан. Би бас өөрийн төрөлх оронтой ижилсгэж харсан. Тиймээс ч БНХАУ-ын эдийн засгийн өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлэхээр шийдсэн юм.
– Таны докторын ажлын үр дүн юу байсан бэ?
– Би докторын зэргээ хятадын эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлс болон эх үүсвэр сэдвээр төвлөрөн хамгаалсан. Энэ хүнд хэцүү шинэчлэлийг хийж байхад хятад Улсын эдийн засаг яаж жил бүр 10-аас дээш хувиар өсч байгааг дэлхий даяараа сонирхож, ойлгохыг хичээж байсан. Мэдээж хэрэг докторын ажил нь маш өндөр төвшний техник ажиллагаа шаарддаг бөгөөд би хятадын эдийн засгийн өсөлтийн чиглүүлэгчдийг хэмжих, тодорхойлох арга замыг олохыг хүсэж, цаашлаад тэдгээр нь хятад улсын эдийн засаг амжилтад хүрэхэд хэрхэн хувь нэмэр оруулсныг тодорхойлохыг хүссэн. Тиймээс, миний судалгааны арга зүй өсөлтийн эх үүсвэрт эконометрик анализ хийх байсан юм. Үр дүн нь төдийлөн цочирдмоор байгаагүй. хятадын ДНБ-ийн өсөлтөд эдийн засгийг нээлттэй болгосон, экспортын бодлого чиглэлийг тодорхойлсон, экспортын өсөлтийг нэмэгдүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн зэрэг нь нөлөөлсөн байдаг.
– Та Хятадад хэдэн жил ажилласан билээ?
– Би амьдралынхаа янз бүрийн үе шатанд Хятадад ажиллаж байсан. Докторант оюутан байхдаа би диссертацын судалгааны ажлын хүрээнд тогтмол очдог байсан. Дараа нь би Испанид Азийн, ялангуяа хятадын эдийн засагт төвлөрсөн тинк танкийн ажлын шугамаар мөн ажилласан. Тиймээс би Хятад руу байнга явдаг байж. Сүүлд би АХБ-нд ажиллаж байхдаа Бээжин хот дахь АХБ-ны эдийн засгийн албаны даргын албыг 5 орчим жил хашиж байсан.
– АХБ бол Азид нөлөө бүхий байгууллага. Гэхдээ энэ байгууллагад ажиллахад танд юу нөлөөлсөн бэ?
– Тинк танк ажлын маань хүрээнд намайг Австрийн сальцбург хотод зохион байгуулсан олон улсын томоохон чуулга уулзалтад оролцохыг урьсан юм. Азийн эдийн засгийн сэдэвтэй уулзалт байсан тул Азиас олон хүн ирж, дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү чуулганд оролцсон. 20 жилийн өмнөх тэр үед Азийн улс орнууд хурдацтай өөрчлөгдөж, хөгжиж эхэлж байсан бөгөөд хүн бүр яагаад Азийн улс орнууд маш хурдан хөгжиж, эдийн засаг нь хурдацтай өсөж буйг судалж, сонирхож байсан юм. тиймээс би хятадын талаар ажиллаж байсан группийн гишүүн болон уригдсан. Энэ хурлын үеэр би Азийн хөгжлийн Банкны эдийн засагчтай уулзаж, тэр хүн намайг АХБ-нд ажилд орох өргөдөл гаргаач гэж санал болгож, зөвлөсний дагуу өргөдлөө өгсөн. Энэ ажилд орох гэж нэлээн удсан хэдий ч багагүй хугацааны эцэст орж чадсан. Өдгөө 18 дахь жилдээ ажиллаж байна.
Би 2001 онд анх удаа Монголд ирсэн. тэр үед би АХБ-ын Монгол Улс хариуцсан эдийн засагч байсан учраас зөвхөн эдийн засгийн хүрээнд ажиллаж байсан. Хожим нь би улс орны төсөл, үйл ажиллагааны төлөвлөлтийг эдийн засгийн ажилтай хамт хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийг хариуцсан. дараагаар нь би Манил дахь АХБ-ны төв байранд Зүүн Азийн хэлтсийн ахлах эдийн засагчаар ажиллаж БНХАУ, Монгол Улсыг хариуцах болсон юм. хоёр жилийн өмнө АХБ-ын Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгчөөр томилогдсон.
– Таны түүхийг сонсож байхад надад ихээхэн сэтгэгдэл төрүүллээ. Тиймээс би Монголын залуу эдийн засагчдад зөвлөгөө өгөөч гэж хүсч байна.
– Юун түрүүнд хийж чаддаг зүйлээрээ шаргуу ажиллаарай гэж зөвлөх байна. Мэдээжийн хэрэг зөвлөгөө өгөхөд хэцүү. тиймээс би өөртөө өгч байсан тэрхүү зөвлөгөөг өгье. ямар ч тохиолдолд битгий бууж өгөөрэй. Шаргуу хөдөлмөрлөж, нээлттэйгээр сэтгэж байх хэрэгтэй. хэрвээ боломж олдвол түүнийг бүү өнгөрөө. Зарим чухал шийдвэрийг эрсдэл дагаж байдаг. Түүнээс бүү ай. АХБ-д элсэх үед эх орон, гэр бүл, ард түмэн, хэл, хоол хүнсээ (инээв) ардаа орхиод Ази тив рүү шилжин ирэх шийдвэрийг гаргасан нь миний хувьд маш чухал байлаа. Томоохон сорилт байсан хэдий ч анх төсөөлж байсан шиг тийм хэцүү байгаагүй. Энэ нь миний дээр дурдсан эрсдэлээс айхгүйгээр боломжийг ашигласан тод жишээ юм.
Түүнчлэн, боломжийг ашиглах нь таны оюуны цар хүрээ, харах өнцгийг нээх, илүү ихийг сурч мэдэх, бусад олон туршлага, тухайлбал, дэлхийн бусад улс оронд эдийн засгийн туршлага, шилжилт хөдөлгөөн гэх мэт олон зүйлийг сурч, хураах аз завшааныг олгодог. Ази тив нь өнөөгийн дэлхийн хамгийн динамик – өөрчлөлт ихтэй бүс тул энэ тивд эдийн засагч байх нь маш том давуу тал. Олон төрлийн улс, эдийн засгийн хөгжлийн түүх, хурд болон үр дүнг шингээсэн энэ том тивд юу болж байгааг мэдэх нь миний хувьд байнгын шинэ зүйл сурах боломж, урам зоригийг авах эх сурвалж болдог.
– Нөгөө талаас танд өгч байсан хамгийн сайн зөвлөгөө юу байсныг хуваалцаач?
– АХБ-д элсэх урилгыг хүлээн авахад хэтэрхий их зүйл орхиж байгаа гэж бодсон учраас шийдвэр гаргахад амар байгаагүй тул би эргэлзэж байсан. Мөн би эрсдэл хүлээж байгаа гэж бодсон. Гэвч хүмүүс надад энэ нь насан туршийн шийдвэр биш болохоор намайг ядаж оролдоод үзэх хэрэгтэй гэж зөвлөж байсан юм. хэрэв аль нэг зүйл надад таалагдахгүй эсвэл өөрчлөлтөд дасах боломжгүй байвал эргэж ирэх боломж үргэлж нээлттэй гэж хүмүүс хэлсэн. Би тэр хүмүүсийн зөвлөгөөг даган АХБ-д хоёроос гурван жил ажиллана гэж төлөвлөж байсан юм. Одоо би 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд буцах талаар бодохгүй байгаа!
– Та их зүйлийг золиосолжээ, таны бүх хүчин чармайлтад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Үүгээр бидний ярилцлага дуусч байна. Танд өөр дурдалгүй өнгөрөөсөн зүйл байна уу?
– Монгол бол үнэхээр гайхалтай, үзэсгэлэнтэй орон. Энд анх ирснээс хойш надад гэртээ байгаа мэт дотно санагдсаар ирсэн. Монголын ард түмэн их найрсаг, халуун дулаан бөгөөд би Монголд байхдаа үргэлж баяртай байдаг. Монгол Улс үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг дахин хэлье! Би хөдөө явах үнэхээр дуртай. Хотоос холдон хөдөө явахад гайхалтай гоо үзэсгэлэнтэй өөр ертөнцөд очдог. Миний хувьд энд ажиллаж байгаа нь томоохон хувь заяа мэт санагддаг.
Эх сурвалж: Монголбанк