Умард Солонгосын удирдагчийг дуурайж элэглэдгээрээ олон улсад алдаршсан Хонг Конгийн иргэнийг Вьетнамын эрх баригчид өнөөдөр нутаг дэвсгэрээсээ албадан гаргажээ.
Ховард Икс (Howard X) гэж өөрийгөө нэрлэсэн тэр Дональд Трампыг дуурайн элэглэгч Рассел Уайтын хамт өнгөрсөн долоо хоногт Ханой хотод ирээд байсан юм. Тэд Ханой хотын дуурийн театрын шатан дээр Трамп-Кимийн уулзалтын хуурамч хувилбарыг вьетнамчуудад үзүүлж байжээ.
Жинхэнэ Трамп-Кимийн уулзалт энэ долоо хоногт 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Хуурамч Кимийг Вьетнамын цагдаа өнгөрсөн Баасан гарагт саатуулан байцаасны дараа өнөөдөр буюу Даваа гарагийн өглөө Хонг Конг чиглэлийн нисэх онгоцонд суулгажээ.
Түүнийг “визний зөрчилтэй” гэсэн үндэслэлээр буцаах шийдвэр гаргасан гэнэ. Гэхдээ цагдаагийн газар үндэслэлээ дэлгэрүүлж тайлбарлахаас татгалзсан байна.
Өнөөдөр өглөө зочид буудлаас нисэх онгоцны буудал руу харгалзагчдын хамт явахаасаа өмнө Ховард Икс “Намайг Ким Жон Унтай адилхан төрсний төлөө хөөж байгаа нь гэмт хэрэг юм” гэж мэдэгджээ. Харин Рассел Уайтыг албадан гаргаагүй бөгөөд Трамптай адил хувцаслаж олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулсан байна.
Үнэндээ Уайтыг Канад руу буцааснаас өөрийг нь Хонг Конг руу буцаах зардал хамаагүй хямд учраас хэлмэгдлээ хэмээн Ховард Икс бас гомдолложээ.
Хуурамч Ким, Трамп нар Ханойд долоо хонохдоо хамт гольф тоглож, массаж хийлгэн олныг хөгжөөх төлөвлөгөөтэй байсан гэнэ.
Коммунист дэглэмтэй Вьетнам улс АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний хоёр дахь уулзалтад өндөр ач холбогдол өгөн бэлдэж байгаа бөгөөд энэ боломжийг ашиглан улс орныхоо талаар эерэг ойлголтыг дэлхий нийтэд өгөхөөр шаргуу ажиллаж байна.
Эх сурвалж: ikon