НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2016 онд баталсан тогтоолын дагуу сунгалттай паспорттай иргэдэд 2019 оны 2 дугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй болсныг тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар Казахстан, Израйль, Өмнөд Африк, Филиппин зэрэг улс сунгалттай паспорттай гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд гадаад улсын виз мэдүүлэх болон тухайн улсын хилээн нэвтрэхэд паспортыг сүүлийн 10 жилийн дотор авсан байх, паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх, мөн визтэй улсад зорчих тохиолдолд 2-3 хоосон хуудастай байх зэрэг түгээмэл шаардлага тавигддагийг анхааралдаа авч, хариуцлагатай хандахыг ГХЯ-наас зөвлөж байна.