Төсвийн байгууллагуудын цахилгаан, халаалт, цэвэр, бохир усны хэрэглээг тоолууржуулахаар болжээ. Төвлөрсөн халаалтын системд холбогдсон 1892 төсвийн байгууллагыг үе шаттайгаар дулааны тоолуурт шилжүүлэх юм байна. Ингэснээр байгууллага дулаанаа хэрэглээгээрээ төлж, шаардлагатай үедээ халаалт авах, хэмжээг нь бууруулах зэрэг тохируулга хийдэг болох аж. Энэ нь шаардлагагүй хэрэгцээг хязгаарлах замаар төсвийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах хэлбэр юм.
Түүнчлэн эрүүл мэнд, онцгой байдал, хил хамгаалах, цагдаа зэргээс бусад төрийн байгууллагын албан хэрэгцээнд ашиглаж байгаа автомашиныг зөвхөн ажлын өдрүүдэд ашиглахаар тооцож шатахууны зардлыг олгоно. Төрийн албаны ялгах тэмдэгтэй автомашиныг зориулалтын бусаар ашигласан бол хариуцлага тооцдог болж буй юм.