Жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна, жолооч болгоно гэж төрийн байгууллагын ажлыг хувиараа хийдэг мэтээр бусдад итгүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Өөрсдийгөө оюутан гэж танилцуулсан 20-21 насны хоёр этгээд одоогийн байдлаар 60-70 удаа бусдыг залилж, амар хялбар аргаар мөнгө олох арга хэрэгсэл болгон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээжээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж “Иргэн Л, Г нар бүлэглэн 70 шахам иргэдийг хууран мэхэлж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдон Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зарим иргэд сошиал группүүдээр жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна гэж хуурамч хаяг ашиглан зар тарааж залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Үүний дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулахад иргэд цахим хаягны цаана хэн байгааг мэдэхгүй, бусдын итгэлийг алдаж залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдүүдэд мэхлэгдэн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол буурахгүй байна. Цахимаар болон зар мэдээллээр эрх сэргээх, ангилал ахиулах ямар ч боломжгүй. Жолооны сургуульд орж, сургалтын гэрээ байгуулан, зургаан дүүрэгт энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй сургуулиудад шалгалт өгч байж, ангилал ахиулан эрхээ сэргээнэ. Тээврийн хэрэгсэл жолоодох болон зөрчлийн оноо хасуулсан иргэд 3 цагийн сургалтад хамрагдснаар тэнцсэн тохиолдолд манай төвөөс үнэмлэхээ авах боломжтой” гэсэн мэдээллийг өглөө.
Иймд хуурамч хаягаар төрийн байгууллагын үйл ажиллагааг хүргэдэг мэт залилан хийдэг иргэдээс болгоомжилж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхаарууллаа. Энэ төрлийн бүх үйлчилгээг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс зохион байгуулж байгаа гэдгийг сануулж байна.