Австри Улсын нийслэл Вена хотноо 2019 оны 2 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь өвлийн хуралдаан болж байна.
Ту с хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож байгаа юм. Тэрбээр тус Ассамблейн дэргэдэх “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн 4 дэх уулзалтад оролцов.
Уулзалтад бүлгийн гишүүн 23 улсын парламентчид оролцож, бүлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. ЕАБХАБ нь аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага хэдий ч улс төрийн нарийн төвөгтэй яриа хэлцээг урагшлуулахад эдийн засгийн хамтын ажиллагаа дэмжлэг түлхэц болно гэдэгт оролцогчид санал нэгдэж, тус бүлгийн үйл ажиллагаа чухал хувь нэмэртэйг онцоллоо.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ үеэр Торгоны замын хүрээний хамтын ажиллагааг хэлэлцэхдээ БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгатай уялдуулж, тус улсын холбогдох төлөөллийг зөвлөлдөх зорилгоор урьж оролцуулж байвал оновчтой байж болохыг тэмдэглэв.
Мөн Торгоны замын дагуух улс орнуудын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг эрчимжүүлэхийн тулд тэдгээрийн хил, гааль, мэргэжлийн хяналт, шалгалтын дүрэм журам, стандарт, шаардлагуудыг уялдуулж, хялбаршуулан хөнгөвчлөх саналыг тус тус дэвшүүлсэн юм. Ийм хялбаршуулалтыг ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх гэрээний дагуу дэлхийн түвшинд бүгд хэрэгжүүлэх учиртайг харгалзан олон улсын хуулийн эрх зүйн энэхүү суурийг ашиглан ийм уялдуулсан захиргааны дүрэм журмын жигд хөнгөвчлөлтийг хийвэл дэлхийн худалдаанд үлгэр дууриал болохуйц маш тодорхой дэвшилтэт алхам болох юм гэдгийг онцлов.
Эл уулзалтаар тус бүлэгт гишүүнээр элсэх хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Итали Улсын хүсэлтийг хянан хэлэлцэж, санал нэгтэйгээр элсүүлэхээр шийдвэрлэлээ.
“Торгоны замыг дэмжих бүлэг” нь 2017 онд Минск хотод болсон Парламентын Ассамблейн ээлжит чуулганы үеэр санаа нэгт орнуудын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан ба өдгөө 24 гишүүнтэй болж өргөжөөд байна. Монгол Улс нь тус бүлгийг үүсгэн байгуулагч 17 гишүүний нэг юм.
Бүлэг нь гишүүн улсуудын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа олон төрөлт тээврийн коридор байгуулах, худалдаа, тээврийн горимыг хялбаршуулах, хүн ам чөлөөтэй зорчих, бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт саадгүй урсах нөхцөлийг хангах замаар уялдаа холбоог дэмжих зорилготой.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингертэй уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2 дугаар сарын 20-ны өдөр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингертэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ үеэр, сайд Д.Цогтбаатар бүс нутагт тулгарч буй томоохон сорилт бэрхшээл болох терроризм, хүчирхийлэлд турхирч буй хэт туйлшрах үзэлтэй хамтын хүчээр тэмцэх, Ази-Европын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүчин чармайлтад Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг нотолж, Азийн улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.
Улмаар, терроризм, хэт туйлшрах үзэлтэй тэмцэх асуудлаарх ЕАБХАБ-ын бүс нутаг хоорондын бага хурлыг энэ онд Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг урив.
Түүнчлэн, соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд ЕАБХАБ-ын Азийн түнш орнуудтай хамтран бүс нутгийн семинарыг Улаанбаатарт зохион байгуулах асуудлаар санал солилцов.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам