Москвагийн цагаар хоёрдугаар сарын 20-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин холбооны хуралд илгээлтээ хүргэлээ. Жил бүр болдог ерөнхийлөгчийн илгээлтэд тус улсын иргэд болон төрийн удирдлагууд маш өндөр ач холбогдол өгдөг билээ. Учир нь энэ үйл явдлаар үндэсний хэмжээний асуудал, дотоод болон гадаад бодлогын гол замуудыг тодорхойлдог бөгөөд өнгөрсөн жилд хийж бүтээсэн зүйлээ тайлагнан, ирэх жилийн төлөвлөгөөг танилцуулдаг юм. Энэ удаагийн ерөнхийлөгчийн илгээлт нэг цаг хорин долоон минутын турш үргэлжилсэн байна. Арга хэмжээний эхний хэсэг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын боловсрол, эрүүл мэндийн асуудалд чиглэгджээ. Харин хоёр дахь хэсэгт ерөнхийлөгч Владимир Путин батлан хамгаалах болон олон улсын аюулгүй байдлын асуудлыг хөндсөн юм.
Владимир Путин илгээлтийн эхлэлд Засгийн газар нийгмийн асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллах ёстойг цохон тэмдэглээд “Орос улс үргэлж урагшлах ёстой. Бид цаг хугацаанд л дарлуулдаг. Би үүнийг маш олон удаа хэлж байсан. Та бүхэн ч үүнийг сайн мэдэж байгаа. Бидэнд шаардлагагүй уялдаа холбоог зохицуулахад зарцуулах цаг байхгүй” гэж хэлснээр түүний илтгэл эхэлсэн юм. Түүний илтгэлдээ хэлсэн чухал асуудлуудыг эмхтгэн хүргэж байна. Ерөнхийлөгч Владимир Путин “Орос улс 2023-2024 он гэхэд хүн амынхаа байгалийн өсөлтийг сэргээнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэжээ. Тэрээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхний болон хоёр дахь хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхээр болсон байна. Нэг болон хоёр хүүхэдтэй нийт айл өрхүүдийн 70 хувь нь үүнийг авах боломжтой аж. Мөн “Олон хүүхэдтэй байна гэдэг нь бага татвар төлнө гэсэн үг юм” гэжээ.
Орос улс даяар хүүхдийн өдөр өнжүүлэхийн тоо 2019 оны байдлаар 90 мянга болж харагдаж байгаа юм. Харин энэ тоог гуравхан жилийн дотор заавал 270 мянгаас их болгох аж. Тэрээр “Ингэснээр эцэг эхчүүдэд санаа зовох зүйлгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, суралцах, хүүхдүүдээ өсгөх боломж нэмэгдэх юм. Мөн бид аль хэдийн бүх нийтийн цэцэрлэгийн хүртээмжийг хангаж чадсан” гэжээ. Нийгмийн бодлогын талаарх хамгийн чухал зүйл нь орон сууцны зээлийн асуудлаар байлаа. Тэрээр ипотекийн зээлийн хүүг эхлээд ес дараа нь найман хувь болгож бууруулах зорилтыг тодорхойлсон юм. Хариг олон хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд ипотекийн зээлийн хүү зургаан хувь байх аж. Орон сууцны зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ипотекийн зээлийн үргэлжлэх хугацааг сунгах нь хамгийн чухал гэлээ. Мөн ядуу иргэдэд зориулсан дараа нь төлдөг ипотекийн зээлийг бий болгохын тулд хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа аж. Дээрээс нь 2021 он гэхэд ядуурлын төвшинг 3 хувь болгож бууруулах эдийн засгийн тооцоо байгаа аж.
Боловсролын салбарын тухайд 2021 он гэхэд орон даяар нийт сургуулиуд өндөр хурдны интернэтэд холбогдох аж. Мөн Владимир Путин “Дэлхийн багш” хөтөлбөрийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь сайн дураараа хөдөө тосгод болон алслагдсан суурингуудад ажиллах хүсэлтэй багш нарыг нэг сая рублиэр урамшуулах хөтөлбөр юм. Эрүүл мэндийн салбарт нэг их наяд рублийг зургаан жилийн хугацаанд хорт хавдартай тэмцэх хөтөлбөрт зарцуулах аж. Үүний дийлэнх хэсэг нь хорт хавдрыг эрт оношлох үйл явцыг сайжруулахад хэрэглэгдэх юм. Орос улс даяар 2019-2020 онд 1900 орчим эмнэлэг шинээр барих, сэргээн засварлах шаардлагатай байна.
Мөн Засгийн газарт эмнэлгийн ачааллыг бууруулах хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд энэ дараалалд хүлээх цагийг 66-75 хувь бууруулах юм. Эдийн засгийн хувьд энэ онд Оросын алт болон гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа нийт гадаад өрийн хэмжээнээс давсан байна. Владимер Путин өндөр технологид суурилсан гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалтын хамгийн таатай орчин бүрдүүлэх зааварчилгааг Засгийн газарт өгсөн юм. Мөн Оросын Төв банк болон хууль хяналтын байгууллагад яаралтай бичил зээлийн салбарыг цэвэрлэхийг үүрэгдлээ. Шинжлэх ухааны салбарт 2025 он гэхэд Орос улс генетик болон мэдээллийн технологийн салбарт дэлхийн тэргүүлэгч улс болох зорилт тавьжээ.
Тэрээр “шинжлэх ухаан, технологийн салбарын дэвшил нь ОХУ-ын үндэстний тэргүүлэх салбар юм. Эрдэмтэн судлаачид, ард түмний бүтээлч байдал, хүчин чармайлт, аливаа зүйлийг судлах нээлттэй эрх чөлөө нь улс төр, бизнес, боловсрол болон нийгмийн салбарыг чиглүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж цохон тэмдэглэсэн байна. Аялал жуулчлалын салбарт жуулчдад цахим виз олгох ажлыг өргөжүүлж визийн хязгаарлалтыг хөнгөвчлөхийг уриалсан байна. Гадаад бодлого, дипломатын асуудлаар АНУ-ыг алсын тусгалтай цөмийн зэвсгийн тоог харилцан бууруулах гэрээний асуудалд хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандсан юм.
Америкчууд харилцан гэрээний заалтыг үл хамааран Румын болон Польш улсуудад пуужин хөөргөх төхөөрөмж суурилуулсан байна. Европын холбоог Москватай хийх улс төр, эдийн засгийн харилцаагаа сайжруулахад бодит алхмууд хийж, эргээд хэвийн харилцаанд шилжинэ гэж найдаж байгаагаа хэлсэн юм. Төрийн тэргүүний хувиар Хятад болон Энэтхэг улсуудтай харилцах харилцааг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулна гэлээ. Батлан хамгаалах болон цэргийн чадавхын талаар АНУ, Европын авч хэрэгжүүлж буй алсын зайн ба богино зайн тусгалтай пуужин суурилуулах ажилд ижил хариу үйлдэл үзүүлэх аж. Хэрвээ АНУ-ын барьж буй бодлого энэ хэвээр байх аваас зэвсэгт мөргөлдөөний асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцээр хийхгүй гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрээр “бид зэвсэгт мөргөлдөөний асуудлаар АНУ-тай хэлэлцэхэд бэлэн байгаа.
Гэхдээ бидний түншүүд өөрийн эрх ашгийг барьсан хаалттай бодлого хэрэгжүүлж байна. Хэрвээ харилцан ашигтай хэлэлцээр хийхгүй энэ чигээр байх юм бол АНУ-ын хаалттай хаалгыг үргэлжлүүлэн тогшихгүй, хүлээх болно” гэсэн юм. Ерөнхийлөгч Владимир Путин “АНУ нь ОХУ-ын эрх ашигт ямар нэгэн аюул заналхийлэл болж болох шийдвэр гаргахаасаа өмнө Оросын хамгийн сүүлийн үеийн зэвсгийн нислэгийн хурд, хамрах хүрээг тооцоолох хэрэгтэй” гэсэн юм. Мөн Сирийн терроризмын эсрэг явуулж буй үйл ажиллагааны туршлагаас харгалзан байлдааны сургалтыг эрчимтэй, чанартай болгохын тулд зэвсэгт хүчнээ үргэлжлүүлэн байгуулах болно гэлээ.
ОХУ-ын зэвсэгт хүчний туршилтаар Фресвэт лазерын зэвсгийн систем амжилттай хэрэгжсэн бөгөөд ирэх арван хоёрдугаар сараас эхлэн зэвсэглэлд бүрэн нэвтэрч байлдааны үүргээ гүйцэтгэх боломжтой болох юм. Дуунаас хурдан “Марч 9” загварын циркон пуужинг турших ажил амжилттай яваа бөгөөд боломжит дээд хурдандаа хүрэхэд ойртсон байна.
Эх сурвалж: Тасс, Itoim.mn