Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо 2008 онд 42 мянга байсан бол 2017 онд 2 сая 910 мянга 778-д хүрч, Ази тивдээ нэгдүгээрт, дэлхийд аравдугаар байранд жагсаад буй.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өсвөр үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдалд тулгуурласан судалгаа хийжээ. Судалгаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11-17 насны сурагч болон эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудын төлөөллөөс мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийжээ. Энэхүү судалгаанд нийтдээ 3019 хүүхэд хамрагдсан байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийг насны ангиллаар нь авч үзвэл 50 хувь нь 15-17 насныхан, 2.5 хувь нь 13-15 насныхан, 24.5 хувь нь 11-12 насныхан байв. Харин эцэг эхийн хувьд 52.2 хувь нь төрийн байгууллагад, 16.7 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 13.4 хувь нь хувийн байгууллагад ажилладаг аж.
Асуулгад оролцсон арван хүүхэд тутмын ес нь интернет хэрэглэдэг аж. Мөн фэйсбүүк хэрэглэдэг гурван хүүхэд тутмын нэг нь хоёр ба түүнээс дээш хаягтай байгаа нь энэ судалгаанд ихээхэн анхаарал татсан асуудал болжээ. Ингэснээр бусдад хувийн мэдээллээ алдах, ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэлд өртөх зэрэг эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг судлаачид тэмдэглэжээ. Түүнчлэн гурван хүүхэд тутмын нэг нь интернетээр танихгүй хүнтэй танилцаж байсан гэсэн хариу өгчээ.
Өсвөр үеийнхний интернет хэрэглэж буй гол шалтгаан нь найз, нөхдийн харилцаагаа нэмэгдүүлж улмаар мэдээлэл олж авахад оршдог. Сурагчдын дийлэнхи буюу 85 орчим хувь нь ухаалаг утас хэрэглэдэг, тэдний 92 хувь нь нүүр номын хаягтай байв.
Мөн гурван хүүхэд тутмын нэг нь өдөрт нэг хүртэлх цаг интернет хэрэглэдэг гэж хариулсан нь зохистой хэрэглээ гэж үзэж болохоор байна. Учир нь олон улсын судалгаагаар өсвөр насны хүүхдүүд өдөрт 15-45 минут интернет ашиглах нь зохистой гэдгийг баталсан байна. Түүнчлэн гурван хүүхэд тутмын нэг нь 2 хүртэлх цаг, 3 хүүхэд тутмын нэг нь 2-оос дээш цаг интернет хэрэглэдэг байна.
Өсвөр насны хүүхдүүдийн 85 хувь нь фэйсбүүк хаягтай байгаа бөгөөд таван хүүхэд тутмын нэг нь таньдаггүй хүний найзынхүсэлтийг хүлээж авдаг байна. Энэ нь хувийн мэдээллээ бусдад алдах үүнээс болж өөрийгөө ямар нэг хэлбэрээр эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдалд ордог.
Олон нийтийн сүлжээнд дөрвөн хүүхэд тутмын нэг нь үе тэнгийн найз нөхдөө цахим орчинд шоолж тоглосон дүрс бичлэг оруулж байжээ. Хүүхдүүдийн 82 хувь нь зүй бус утгатай зурвас и-мэйл, фейсбүүкийн хэрэглэгчдээс авч байсан гэж хариулсан бол эцэг эхийн 93 хувь нь хүүхдээ цахим дарамт, дээрэлхэлтэд өртөж байсан гэжээ. Хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг, таван хүүхэд тутмын дөрөв нь цахимаар зүй бус утгатай зурвас авдаг ба эцэг эхчүүдийн ийм төрлийн сөрөг мэдээллийг шүүх программ хангамжийг ашиглах чадвар 95 хувьд нь огт байхгүй байна.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн гурван хүүхэд тутмын нэгнийх нь гар утасны дугаар өөр хүний нэр дээр бүртгэлтэй байна. Гар утасны дугаарыг хүүхдийн нэр дээр бүрэн бүртгэлжүүлснээр хориглосон буюу сөрөг нөлөө бүхий мэдээлэл хүлээн авахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.