Нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин ихэсч, ялангуяа 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэх, зарим тохиолдолд хүндрэх хандлагатай болоод буй. Эрүүл мэндийн яамнаас томуу томуу төст өвчин болон Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэхийг олон нийтэд анхааруулж уг халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалт явуулж эхэлсэн.
Ийм төрлийн халдвар хүний арьсан дээр өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.
Энэ өвчнөөр өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэдэг байна. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. Бүх насны хүн өвчлөх боловч 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сайн дурын дархлаажуулалтын төвд менингококкт халдварын эсрэг вакциныг ажлын өдрүүдэд 08.30-14.30 цагт хийж байна. Одоогийн байдлаар Менингококктын эсрэг вакцинд 1000 гаруй иргэн хамрагджээ.