Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог уул гэх газраас 13 настай охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр 11.00 цагийн орчимд хонио хариулахаар гарч яваад одоог хүртэл ор сураггүй болжээ. Охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр малдаа яваад ирэхдээ чихэр печень авч ирсэн тухай ч мэдээлэл цацагдаад байгаа. Тодруулбал, хониноос ирэхдээ тэрбээр “Олсон юм” хэмээн гар утас, амттан авчирсан талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Охин ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан гэнэ. Охиныг алга болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд ямар ч сураггүй байсаар өдийг хүрчээ. Мөн охиныг алга болсон даруйд онцгой байдлын аврагч, нутгийн иргэд нийлсэн 60 гаруй хүн хоёр хоног хайсан аж. Цагдаагийн байгууллагаас нийт гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч охины сургийг гаргаж чадаагүй гэнэ. Гэсэн ч эрлийн ажиллагаа татан буугдаагүй үргэлжилж байгаа талаар цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгаас мэдээлжээ.