Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн баар, ресторанууд цахим хуудсаараа дамжуулан хямдрал, урамшуулал зарласан, согтууруулах ундааг худалдахдаа гарын бэлэг дагалдуулж байсан сурталчилгаа хийж байжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр баар, ресторан, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж, архи согтууруулах ундааны төрлийн зүйлсийг хууль бус аргаар сурталчилдаг баар, ресторануудыг илрүүлсэн байна.
Хоёрдугаар сарын эхээр хийсэн хяналт шалгалтаар “Наран март” сүлжээ дэлгүүр нь “Австралийн өдөр” арга хэмжээний үеэр тус улсад үйлдвэрлэгдсэн винонуудыг 5-10 хувь хямдруулан сурталчилгаа хийсэн зөрчил илэрсэн. Өнөөдрийн байдлаар ШӨХТГ-аас архи, согтууруулах ундааг цахим орчноор дамжуулан сурталчилсан 10 гаруй баар, ресторанд шаардлага хүргүүлжээ.