Дөрөв хоногийн дараа болох Аcademy Awards буюу Оскарын шагналд нэр дэвшиж буй 2018 оны шилдэг бүтээлүүдийг BBC нэрлэжээ. Энэ жилийн Оскарт 40 гаруй найруулагчийн кино өрсөлдөх хэдий ч шагнал авах хамгийн өндөр магадлалтай дараахь таван киног онцолж байна.
Нэг. “Хүйтэн дайн”
Дэлхийн II дайны дараачаас эхэлсэн хүйтэн дайны үеийн хос залуусын ээдрээтэй харилцааг харуулсан уг киног Лукас Заль найруулжээ. Америкийн кино академиас тавьдаг үндсэн шалгуур болох өргөн хэмжээний хальсан дээр бүтээгдсэн энэ киногоороо Лукас Заль коммунист нийгмийн таагүй уур амьсгал, үзэл суртлын зөрөлдөөн хувь хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьжээ. Уг кино шилдэг гадаад хэл дээрх кино, шилдэг найруулагч, шилдэг кино зураг авалт зэрэг төрөлд нэр дэвшиж байгаа юм.
Хоёр. “Миний дуртай залуу”
2018 онд Холливудэд бүтээгдсэн томоохон хэмжээний түүхэн сэдэвт энэ киног Ёргос Лантимос найруулжээ. XVIII зуун буюу 1700-аад оны үеийн Английн хатан хаан Анна болон түүний үеэлийн ээдрээт хайр дурлалын романс болох энэ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан дэлгэцийн бүтээл болж чадсаныг хэлэх хэрэгтэй.
Гурав. “Рома”
1970-аад оны үеийн Мексикийн дундаж амьдралтай гэр бүлээс гаралтай Рома бүсгүйн амьдралыг харуулсан энэ киног эгэл жирийн аж байдал харуулсан шилдэг бүтээл болж чадсан хэмээн кино судлаачид дүгнэжээ. Цэвэрлэгч бүсгүй Рома болон түүний эргэн тойрны амьдралд тохиолдох бага зэрэг уйтгартай мөртлөө хүмүүст ихийг бодогдуулсан уг киногоороо найруулагч Альфонсо Куаран Оскарын 10 төрөлд нэр дэвшээд байна.
Дөрөв. “Төрсөн од”
Олны танил нэг номерийн одууд болох Брэдли Купер, Лэди Гага нарын гол дүрд нь тоглосон энэ кино сахилгагүй дуучин бүсгүйн нэр хүндийг дэлхий дахинд улам өсгөсөн гэж хэлж болно. Харин Брэдли Купер бол угаасаа л Холливудын том од шүү дээ. Найруулагч, зураач, зураглаач нар нь улаан, хөх, тод ягаан зэрэг өнгөний хослолыг уран бүтээлдээ гайхалтай мундаг ашиглаж чадсан хэмээн кино шүүмжлэгчид “Төрсөн од” киног дүгнэжээ. Нээрээ л та уг киног үзэх юм бол өнгө будгийн өвөрмөц шийдлийг олж харах болно.
Тав. “Хэзээ ч битгий хараарай”
Германы түүхийг гурван өөр хүний амьдралаар дамжуулан харуулсан энэ кино магадгүй энэ жилийн Оскарт хамгийн их шуугиан тарих бүтээл байж болох юм. Уран зургийн ангийн залуухан оюутан Курт, түүний найз бүсгүй, бас шавь нь гэж хэлж болох Элли, мөн Эллигийн аав гурваар төлөөлүүлэн Герман орны нэгэн үеийн амьдралыг яруу тодоор уг кинонд дүрсэлж чаджээ. Зарим судлаачид хэрвээ Оскар шударга болдог нь үнэн л юм бол энэ кино заавал нэг биш, нэлээн хэдэн номинацид юм дуулгах ёстой гэлцэж байна. Германы найруулагч Доннерсмаркийн бүтээсэн энэ кино сүүлийн жилүүдэд дэлхийн кино урлагт гараагүй өвөрмөц бүтээл болж чадсан гэх.
Харин одоо жил бүр дуулиан шуугиан, хов жив, атаа хорслыг араасаа дагуулдаг Оскарын шагнал гардуулах ёслолын 91 дэх удаагийн арга хэмжээг хүлээх л үлдлээ. Энэ жилийн Оскар дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 24-ний ням гаригт Лос Анжелес хотын Дольби кино театрт болох бөгөөд Америкийн ABC, NOW, Английн Sky телевизүүд дэлхий даяар шууд дамжуулах юм.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин