Д.Шатарбал
“Өнгөт хувьсгалын үзэгдэл дэлхийн шинжтэй болж ирж байна. Хонг Конгт шүхрийн хувьсгал хийх оролдлого, Венесуэлийн нөхцөл байдал ганхсан зэрэг нь нэгэн гинжний салаа хэсэг юм. Харин өнгөт хувьсгалын энэ их цувааны хамгийн эмгэнэлтэй нь Украин гэж боддог” хэмээн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлсэн байдаг. 2004 онд Украинд Ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа санал Янукович (Оросын талыг баримтлагч гэдэг) болон Ющенко (Барууны үзэлтэн нэгддэг) нарт тэнцүү хуваагджээ. Ингээд сонгуулийн хорооноос хоёр дахь шатны санал хураалт зарлаж, Янукович ялалт байгуулсан байна. Гэтэл нэг, хоёрдугаар шатны санал хураалтын хооронд Ющенког Оросын талыг баримтлагчид диоксиноор хордуулсан гэх мэдээлэл гарч, Ющенко үзлийн муухай царайтай болжээ.
Ингээд нийгмээрээ гудамжинд гарч эсэргүүцэл өрнүүлж, тус улсын Үндсэн хуультай зөрчилдсөн үйл ажиллагаа явуулах буюу Януковичийг Ющенко, Тимошенко нарт бууж өгч, гурав дахь шатны санал хураалт явуулахаас өөр аргагүй байдалд оруулсан билээ. Үүний үр дүнд хууль бус гурав дахь шатны сонгуулиар Америкийн талыг дэмжигч нэр дэвшигч Виктор Ющенко засгийн эрхэнд гарч ирсэн. Ющенко хэсэг хугацааны дараа Тимошенког төрийн эрхээс нь түлхэн унагаж, өөрийн эхнэр, АНУ-ын иргэний удирдлаган дор Украиныг удирдсан байна. Оростой харилцаагаа эрс муутгаж, улбар шар засаглалын бэлгэдэл Украины үндсэрхэг үзлийг өөгшүүлэн дэмжиж байлаа.
Өчигдрийн Украин
Энэ хугацаанд Украины өр улам нэмэгдэж, аж үйлдвэрийн салбарууд ээлж дараалан уналтад орсноос гадна Оростой хийн ашигтай гэрээ хийх ажил Украины санаачилгаар нуран унаж, Европ руу хий дамжуулан хоолой байгуулах асуудал тасалдав. Улбар шар хувьсгал ард түмний нүдэн дээр л итгэлийг нь алдаж, Ерөнхийлөгчийн дараагийн сонгуулиар буюу 2010 онд дахиад л Янукович байр сууриа эзлэхэд хүргэжээ. 2008-2009 онд өрнөдөөс авсан зээлийн хэмжээ нь нэмэгдсээр Украины эдийн засаг ДНБ-ий эрс уналтад орж, 1990-ээд оны түвшиндээ хүрч очжээ. Харамсалтай нь улбар шар хувьсгалаас хойш Украины улс төр амсхийж, тайвширсангүй гэхэд болно. Хэдийгээр Майдан, майданчдыг зохион байгуулагчдад итгэл итгэл буурсан боловч ээлжит майданууд Украины улс төрийн амьдралд байнга л аюул заналхийлэл учруулж байсан юм.
2013-2014 онд энэхүү аюул заналхийлэл нь америкчуудын ивээн тэтгэсэн Евромайдан хэлбэрээр бодит биелэлээ олж, энэ үйл явцын дүнд Ерөнхийлөгч Янукович засгийн эрхээс түлхэгдэн унаж, зугтсан аж. Евромайданы үр дүнд улс төр, эдийн засгийн гүн хямрал үүсч, засгийг үндсэрхэг үзэлтэн дайчдын тусламжтайгаар булаан авсан хунтуудын удирдлагад шилжжээ. Ингэхдээ хунтын удирдагчид нь 2014 оны улбар шар хувьсгалын идэвхтэй оролцогчид байлаа. 2014 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар Америкийн дэмжигч, олигарх Петр Порошенко буюу улбар шар хувьсгал, Евромайданыг зохион байгуулагчдын нэг өөрийн эзэмшлийн Тавдугаар сувгийн тусламжтайгаар олон нийтийн санаа бодлыг өөрөө чиглүүлж, сонгогдсон байна.
Өнөөдрийн Украин
Тэгвэл өнөөдөр Украин улс ямар байдалтай байна вэ? 45 сая хүн амтай Украин хэмээх улс авлигатай үр дүнгүй тэмцсээр иргэд нь хувьсгалын дараа л ямар нэгэн өөрчлөлт ирнэ хэмээн найдаж байсан. Авлигын индексээрээ Гамби, Сьерра-Лион, Иран, Мьянмартай нэгэн байранд бичигдэж байсан Украин улс улбар шар хувьсгалын дараа сайжрах бус, харин авлигаараа улам гаарчээ. Авлига, газрын өмчлөлийн ээдрээтэй бүтэц зэрэг тус улсын гол асуудлуудад шинэчлэл удаашралтай явагдаж байсан нь олон иргэдийг бухимдуулж байлаа. Өнөөгийн Ерөнхийлөгч Петр Порошенкод итгэх итгэл иргэдийн 10 хувьд ч хүрэхгүй байгаа гэсэн санал асуулга ч үүнийг харуулна. “Ард түмэн шинэчлэлд итгэлээ алдаж байна” хэмээн англи хэлээр гардаг “Киев Пост” хэвлэлийн ерөнхий редакторын орлогч Ольга Руденко ярьж байна.
“Хүмүүс дөрвөн жилийн турш хууль өөрчлөгдөнө гэж хүлээсэн. Гэвч юу ч болсонгүй. Итгэл, сэтгэлээр унасан уур амьсгал л ноёрхож байна даа” хэмээн тэрбээр өгүүлжээ. Иргэдийн сонгуулийн идэвх 60-70 хувьтай байдаг ч олонх нь тэтгэврийнхэн, өндөр настнууд саналаа өгдөг байна. Тэнд өөрсдийн саналаа худалдчихдаг гэж “Трансперенси Интернэшнл Юкрейн”-ээс мэдээлжээ. Олигархиуд Украины хэвлэл мэдээллийн ихэнх хэсгийг эзэмшилдээ авч, хэвлэл мэдээллүүд ихэнхдээ эдийн засгийн хараат байна. Цалин хөлсний байдал ч иргэдийг хээл хахууль авахаас өөр аргагүй байдалд оруулдаг. Тухайлбал, Украинд эмчийн цалин сарын 200-300 евро аж.
“Энэ бол гэр бүлээ тэжээхэд хүрэлцэхгүй мөнгө. Тиймээс энд касс, дансны бус аргаар эмнэлгийн үйлчилгээгээ төлөх үзэгдэл түгээмэл. Шаардлагатай үйлчилгээгээ авахын тулд бараг бүх аргыг хэрэглэнэ. Мөнгө өгөөгүй өвчтөнүүдэд бүр дор. Тухайлбал, мэс заслын дараалалдаа ч орж чадахгүй байдалд орно” хэмээн “Трансперенси Интернэшнл Юкрейн” (Transparency International Ukraine)-ын төлөөлөгч Анастасия Козловцева ярьж байна. Гадаадын компаниуд Украинд бизнес эрхэлнэ гэдэг амаргүй. Татварын систем нь ил тод бус, ойлгомжгүй, хууль шүүхийн системийг урьдчилан сэлэх аргагүй, аюулгүйн албаныхан компанийн үйл ажиллагаанд хутгалдан орох магадлалтай. Үүнээс гадна Украин улс дайнд оролцож байгаа нь ч энэ бүгдэд нөлөөлж байна. Учир нь тус улсын ДНБ-ий зургаан хувь нь дайны үйл ажиллагаанд явж, хөгжил цэцэглэлт үгүй болжээ.
“Киев Пост” хэвлэлийн ерөнхий редакторын орлогч Ольга Руденкогийн хэлж буйгаар өнөөдөр Украинд сэтгүүлчээр ажиллах нь таван жилийн өмнөхөөс харьцангуй дээрдэж байгаа гэнэ. Үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөө гэж байдаг, иргэний байгууллагууд, идэвхтнүүд энэ талаар Радад ярьдаг бөгөөд мэдээллийг чөлөөтэй авч болдог, архивууд нээлттэй болсон гэнэ. “Гэхдээ хэвлэлийн эрх чөлөөг бүрэн дүүрэн гэж хэлэхэд хэцүү. Энэ хугацаанд гурван ч сэтгүүлч амиа алдаад байна” хэмээн тэрбээр өгүүлжээ. “Би аюултай байдалд үргэлж байдаг. Сэтгүүлчид ч Украин дахь өөрийн ирээдүйдээ бүрэн дүүрэн итгэлтэй байж чаддаггүй” хэмээжээ.
Түүний хэлснээр Украины сэтгүүлчдэд зөвхөн хэвлэл мэдээлэл л төлбөр төлдөггүй нь гол асуудал гэнэ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн улстөрчийн талаар эерэг нийтлэл бичсэнийхээ төлөө хөлс авдаг гэсэн үг. Эдийн засгийн хувьд хараат бус улс төр судлаач Сергей Михеев “Зөвхөн эдийн засгийн хувьд л гэхэд 2-3 хувийн өсөлттэй гарч байна гэж ярьдаг. 2014-2015 онд эдийн засгийн өсөлт 30 хувиар унасан шүү дээ. Тиймээс ч ийм доод сууринаас өсөж өндийх нь тодорхой. Гэхдээ энэ нь майдан, хувьсгалаас бус, цаг хугацаа, амьдралын эрхээр эдийн засаг өсөж байна гэсэн үг. Гэхдээ ийм байдлаар өсөлт явагдвал 2014 оны үедээ хүртэл дор хаяж 10 жил шаардагдана” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Ikon.mn