2016 оны сонгуулийн дараагаас дуулиан дэгдээсэн МАН-ын нэр дээрх 60 тэрбумын асуудалд эцсийн хариу өгөх тухай асуудлыг 2018 оны наймдугаар сард тус намын Хяналтын ерөнхий хорооноос авч хэлэлцээд 13 дугаар тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор МАН-ыг 60 тэрбумын гэх хэрэгт холбогдуулсан явдал нь МАН-ын дүрмийг зөрчсөн гэж үзээд Ёс зүйн хорооноос дүгнэлт бас гаргасан аж.
Намын дүрэмд зааснаар хариуцлага тооцох механизм нь учир дутагдалтай байна гэж үзээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон даруйдаа намын III бага хурлаар намын дүрэмд сахилга хариуцлага тооцох механизмыг оруулж, үүнийг нь Дээд шүүх бүртгэснээр хэрэгжиж эхэлсэн байдаг.
Энэ дагуу өчигдөр (2019.02.18) намын зарим гишүүддээ хариуцлага тооцсон. Хариуцлага тооцохдоо МАН-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж Ц.Сандуйг, мөн МАН-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.12 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар өнөөдөр (2019.02.18) МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Үнэн худал нь мэдэгдэхгүй олон нийтийн мэдээллийн сүлжээгээр цацагдсан 60 тэрбумын гэх асуудалд эцэслэн хариу өгөх тухай асуудлыг 2018 оны зургадугаар сард болсон Хяналтын ажилтны зөвлөгөөн дээр яригдсан. 2018 оны наймдугаар сард тодорхой шийдвэрүүд гаргасан. Тодорхой дүрмийн заалтаас болж хариуцлага тооцох нь учир дутагдалтай байсан учраас МАН-ын Бага хурлаас намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан. МАН дүрмээрээ хэн нэгнийг намын гишүүнээс түдгэлзүүлэх буюу намаас хөөх тухай асуудал ярьдаггүй, намаас гарсанд тооцох тухай асуудлыг шийдвэрлэдэг. Энэ асуудлыг намын Хяналтын хороо шийдвэрлэнэ.
Ц.Сандуйг намаас гарсанд тооцсон дүрмийн заалтын тухайд, намын нэр хүндэд сэв суулгахгүй байх, эв нэгдлийг хангах, намын нэрийн өмнөөс сонгогдсон албан тушаалтан нь хуулийг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа үйлдлийн нөлөөнд автахгүй байх, намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх зэрэг заалтууд дээр Улаанбаатар хотын намын хороон дарга асан Ц.Сандуй нь ёс зүйн алдаа гаргаж дүрэм зөрчсөн гэсэн Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэн Хяналтын ерөнхий хороо дээрх шийдвэрийг гаргасан юм.
С.Мөнхчулууныг мөн намын дүрмийг чанд сахин биелүүлэх, эв нэгдлийг хамгаалах, намын нэрийн өмнөөс сонгогдсон албан тушаалтан нь хуулийг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа үйлдлийн нөлөөнд автахгүй байх, намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, Удирдах зөвлөл, бүх шатны намын удирдах байгууллагын шийдвэрийг зөрчихгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж Ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байх учраас Хяналтын ерөнхий хороо дээрх шийдвэрийг гаргалаа” гэж тайлбарлалаа.
Эдгээр шийдвэрийг МАН-ын нийслэлийн хяналтын ерөнхий хороонд хүргүүлж, түүгээр дамжуулан нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид болон бусад холбогдох хүмүүст хүргүүлж биелэлтэд нь хяналт тавихыг нийслэлийн хорооны дарга Сайнбуянд үүрэг болгожээ.
МАН-ын дүрмийн 4.4, 23.1.8 дугаар заалтад намаас гарсан тохиолдолд тухайн хүнд ямар нэгэн улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж заасан байдаг тул С.Мөнхчулуун хотын даргад дахин нэр дэвших боломжгүй юм байна.