УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Мянганы сорилтын компакт гэрээ, Санхүүгийн хамтын ажиллагааны тухай, Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүрийн холбогдох тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх тухай, нийгмийн хамгааллын тухай, иргэний болон аж ахуйн хэрэг, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх болон гэмт этгээд шилжүүлэх тухай, ялтан шилжүүлэх тухай зэрэг хоёр талт олон улсын 13 төрлийн гэрээ, хэлэлцээрийг хэлэлцүүлж, соёрхон батлуулсан байна.
Чуулганы хугацаанд тус байнгын хороо 7, Тусгай хяналтын дэд хороо 2, Цахим бодлогын түр хороо 1, хуулийн төсөл, шийдвэрийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг 2 удаа тус тус хуралдаж, 21 асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулсан хууль, тогтоол, олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын талаар 19 санал, дүгнэлт, соёрхон батлуулсан хууль, тогтоолын бусад шийдвэрийн 18 инфографик, 14 танилцуулгыг тус тус бэлтгэжээ.
Улсын Их Хурлаар соёрхон баталсан гэрээ, хэлэлцээрийг тоймловол:
1.Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Мянганы сорилтын корпорацаас олгохоор болсон. Уг санхүүжилтийг Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийг байгуулах, ус цэвэршүүлэх, дахин боловсруулах байгууламж барих, тус салбарын тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулна.
2.Монгол Улс нь дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд дотоодын иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжих үүднээс тус байгууллагын Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсон. Хэлэлцээрт нэгдэн орсноор МИАТ компани гадны томоохон нислэгийн компаниудын агаарын хөлөгт засвар хийх хүчин чадалтай болсон тул засварт ашиглах тоног төхөөрөмж, эд ангийг хямд үнээр худалдан авахад томоохон түлхэц үзүүлэх ажээ.
3.Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг Улсын Их Хурлаар соёрхон баталснаар Монгол Улсаас бусад гишүүн улсууд, Засгийн газар болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн хооронд үүссэн олон улсын маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцох эрх үүснэ. Түүнчлэн Монгол Улсаас Арбитрын байнгын Шүүхэд олон улсын эрх зүйн мэдлэгтэй, арбитрын үүргийг гүйцэтгэх чадвартай, ёс зүйн өндөр нэр хүндтэй хүнийг гишүүнээр сонгох боломж нөхцөл бүрдэнэ.
Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолыг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталлаа. Ингэснээр Шанхай хотноо суралцаж буй манай улсын 700 орчим оюутнууд, тус хот болон хөрш зэргэлдээ Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужуудад ажиллаж, амьдарч, суралцаж буй олон тооны монгол иргэд, оюутнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээс гадна манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих БНХАУ-ын болон бусад орны иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах боломж нээгдэж байна.
Цахим бодлогын түр хорооны хуралдаанаар ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталж, төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий чиглэлээр дөрвөн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Мөн Байнгын хорооны хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ‘‘Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр’’ зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх дөрвөн асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлээ Засгийн газарт хүргүүлсэн.
Хяналт, шалгалтын ажлын хүрээнд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны 2018 оны үйл ажиллагааны тайлан, холбогдох мэдээллийг авч Байнгын хорооны гишүүдэд хүргүүлж хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Түүнчлэн Дархан-Уул, Орхон аймгуудад байрлах Зэвсэгт хүчний анги байгууллагын үйл ажиллагаатай Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд танилцсан.
АБГББХ