Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна.
Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсний баталгаа бөгөөд тухайн өвийг олон улсад таниулах, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах ач холбогдолтой юм.
ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй” зан үйл нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм.
Бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод гадаадын жуулчдад сурталчлан аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоор “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээг ирэх гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.
Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулдаг байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.