Шинэ бүтээл, шилдэг санааг хэрэгжүүлэн танилцуулагчид үргэлж залуу зохион бүтээгчдийн тархинаас урган гарч ирж байдаг. Тэгвэл үүний нэгэн бахархмаар жишээг харуулж чадсан 19 настай авьяаслаг залуу инженер Дэвид Агиларын бүтээлийг онцолж байна. Тэрээр “Lego” тоглоомыг ашиглан өөртөө хиймэл гар бүтээн танилцуулсан юм. Олон нийтийн цахим сүлжээн дэх Youtube хуудсанд Lego тоглоомоор хийж бүтээсэн олон мянган гайхалтай бүтээлийг олж харж болно.
Гэхдээ Дэвид Агиларын хийж бүтээсэн зүйл бусдын анхаарлыг илүүтэй татаж чадсан байна. Түүний баруун гарын тохойных нь үе хэсэг байдаггүй. Гэхдээ тэрээр тахир дутуу байхаасаа хэзээ ч имээж санаа зовж, бусдаас өөрийгөө нууж явдаггүй нэгэн. Амьдралын идэвхтэй хэв маяг, өөдрөг сэтгэлгээ, бүтээлч байдаг явдал нь түүнд нийгэмд эрүүл зөв амьдрах урам дэм өгдөг юм. Анх 10 жилийн өмнөөс л түүний санаанд өөртөө хиймэл гар хийж бүтээх санаа төрж байсан байна. харин өнөөдрийн байдлаар тэрээр бодлоо бодит болгож чадсан. Тэрээр одоогоор “MK-4” загварын 4 дэх үеийн хиймэл гараа бүтээгээд байгаа. Анхны хувилбар болох Lego тоглоомоор хийсэн MK-1 хиймэл гараа ердөө нэг жилийн өмнө нь л хийж үзсэн байна.
Энэ бүх хугацаанд тэрээр Lego тоглоомын маш олон төрөл загварыг цуглуулан судалж, хооронд угсарч туршиж байжээ. Түүний өөртөө зориулан хийсэн хиймэл гар нь биеийн хүчний ажил хийхэд зориулагдаагүй ч өдөр тутмынхаа амьдралд ашигладаг зүйлсдээ хангалттай үйлдлийг хийх боломжтой гэжээ. Мөн энэ нь тийм ч өндөр үнээр босоогүй нь гол давуу тал нь болж байгаа юм. Өөр олон төрөл загвар, зориулалтын гар хийх боломж цаана нь байсаар байгааг илтгэж байгаа юм. Өнөөдрийн зах зээлд стандартын хэлбэр хэмжээ, зориулалтын материалын хийцийн хиймэл гар хөл ойролцоогоор 5000-50000 ам.долларын үнэтэй байдаг байна. Харин түүний энэ бүтээл энэ өндөр үнээр хиймэл гар болон хөлтэй болж чадахгүй байгаа хүмүүсийн асуудлыг хялбархан шийдэж чадсан юм. Түүний бүтээлийг сонирхох улс цөөнгүй байгааг ч онцолсон байна.