Мэдээллийн аюулгүй байдлын үзүүлэлтээр Монгол Улс өнөөдөр 103 дугаарт, 100 орныг хамруулсан “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлэн эсэх” судалгаанд 99 дүгээр эрэмбэлэгдэж байгаа гэж өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Учрал мэдэгдлээ.
УИХ-ын Цахим бодлогын түр хорооны даргаар ажиллаж буй Н.Учрал түр хороо өнгөрсөн хугацаанд “Мэдээллийн аюулгүй байдал, түүнд дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай боловсруулах үүрэг бүхий”, “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах үүрэг бүхий” болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн цахим шилжилттэй холбоотой 4 ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг дуулгаж байна.
Мөн нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн байгууллагатай хамтран судалгаа хийж, Хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төслийг Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэв.
Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооноос улсын мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөлд дүн шинжилгээ хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах саналыг Улсын Их Хурлын даргад, дээрх чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран ажиллах саналыг тус тус хүргүүлэх юм байна.