“Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан хэрэг хоёрдугаар сарын 8-наас гарсан билээ. Энэ талаар албаныхны мэдээлэл, байр суурийг хүргэе.
“Зайсан KFC” салбарын хэд хэдэн хүн цусан суулгаар халдварласан байна
Нийтдээ ес хоногийн хугацаанд ажиллаж, 94 төрлийн сорьцыг төв лабораторын шинжилгээнд оруулж, шинжилсэн байна. Шинжилгээгээр уснаас халуунд тэсвэртэй гэдэсний нян илэрсэн. Мөн ундаа нь шаардлага хангаагүй. “Зайсан KFC” салбарын гал тогоонд ажиллаж байсан хоёр хүнээс шигел төрлийн хоолны хордлогот халдвар илэрсэн. Тус салбарын ажилтнуудаас шигелийн төрлийн нянгаар хэд, хэдэн хүн халдварласан байгаа. Иймээс хэзээ энэ нянгаар халдварлав гэдгийг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа юм байна.
Тухайн салбар 28 ажилтантай, хоолны дамжлага дундын хяналт алдагдсан, зургаан сар тутамд эрүүл мэндийн үзлэгт орох ёстой ч энэ горим алдагдсан, шинжилгээ хийлгэсэн ч эмчийн гарын үсэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Зайсан KFC” салбарын үйл ажиллагааг зогсоосон байгаа бөгөөд торгууль ногдуулах аж.
Өнөөдрөөс KFC-гийн бүх салбарыг шалгана
Зарим хэвлэлүүдээр KFC-гийн бүх салбарыг хаана гэж мэдээлж байна. Тэгвэл “Зайсан KFC” салбараас бусад салбаруудыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шууд хаах боломжгүй, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хаана гэж мэдэгдсэн юм.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний өнөөдрийн хуралдаанаар мөн энэ талаар мэдээлэл өглөө. Мэдээлэлд дурдсанаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага авч, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан аж. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.
“Зайсан KFC” -д үйлчлүүлсэн 247 хүн өвчилснөөс 42 нь эмнэлэгт эмчлүүлж байна
39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулжээ. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний хариу ч гарсан байна. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрчээ. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байж. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг шалгахаар болсон байна. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явуулна гэнэ.
Харин ХӨСҮТ-ийн зүгээс мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Тэдний хэлж буйгаар өвчтөнүүдийн бие сайжирч байгаа, эхнээсээ эмнэлгээс гарах гэж байгаа гэнэ. Гадуур хангалттай мэдээлэл байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
“Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдээс 247 хүн өвчилснөөс 42 нь эмнэлэгт эмчлүүлж байна.
Я.ХУЛАН