Оросын радио сонсогчдын тоо 48 хувьтай байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Тэр үед Оросуудын 63 хувь нь радио сонсдог байжээ. Энэ тухай “Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төв”-ийн явуулсан санал асуулгын дүн харуулсан байна. “Сүүлийн 10 жилд радио сонсогчдын тоо ихээхэн буурчээ. 2009 онд Оросын иргэдийн гуравны хоёр нь буюу 63 хувь нь радио сонсогч байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 48 хувьтай байна.
Санал асуулгад оролцогчдын хоёр хүн тутмын нэг нь буюу 50 хувь нь радио огт сонсдоггүй гэж хариулсан бол 18-24 насны оролцогчдын хувьд энэ үзүүлэлт 69 хувьтай байна” хэмээн судалгаанд дурджээ. “35-44 болон 45-59 насны ангилалд багтсан хүмүүс буюу эдийн засгийн хувьд хамгийн их идэвхтэй, нөөц бололцоотой хүмүүс радио сонсох нь илүү байна. Ийм үр дүн гарсныг эдгээр насны ангилалд багтсан хүмүүсийн идэвхитэй амьдралын хэв маяг хийгээд тэдний автомашинтай холбон тайлбарлаж байна.
Санал асуулгаар Оросууд голдуу хувийн тээврийн хэрэгсэлдээ болон гэртээ радио сонсдог аж” гэж “Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төв”-ийн Ерөнхий захирал Валерий Федоров онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн радио сонсдог хүмүүсийн дийлэнх нь дуу юмуу мэдээ сонсох сонирхолтой байдаг нь судалгаанаас ажиглагдсан бөгөөд 25-34 насны хүмүүс дуу илүү сонсдог бол ахмад үеийнхэн голдуу мэдээ сонсдог байна.
Монцамэ