Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулагдаж буй “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар иргэдэд үйлчилж байна.
“Улаанбаатарын өвлийн наадам” нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй. Уламжлалт хэсэгт нь Монголчуудын өвлийн улирлын тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцсны загварын үзүүлбэр, парад багтдаг. Орчин үеийн хэсэгт нь уран гулгалт, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, цана, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, снөүборд, рагбигийн тэмцээнүүд зохион байгуулагддаг.
Хотын аяллын автобус эдгээр өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад, “Скай резорт” цогцолбороос жанжин Д.Сүхбаатарын талбай луу 12:00, 14:00, 16:00, 19:30 цагуудад иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.