Зэвсэгт хүчний Таван толгой дахь сургалтын төвд гар бөмбөг дэлбэрч хоёр хүн амиа алдаж, найман хүн шархадсан харамсалтай хэрэг гарсанаас хойш байр сууриа илэрхийлээгүй Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр анх удаа сэтгүүлчид ам нээсэн байна. Сөрөг хүчин УИХ дахь АН-ын бүлэг энэ хэрэг явдалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд огцрох ёстой хэмээн мэдэгдээд байгаа.

АН-ын бүлгийн огцрох шаардлагад хариулт өгөхдөө эрхэм сайд Батлан хамгаалахын багц хуулийг сануулаад “Батлан хамгаалах яам бол бодлогын яам. Хуулийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штаб цэргийн мэргэжлийн дээд удирдлагаа хариуцдаг. Батлан хамгаалахын сайд бол иргэний статустай, иргэний хяналтыг хэрэгжүүлдэг. Зэвсэгт хүчний жанжин штаб бол Засгийн газрын тохируулагч агентлаг. Жанжин штабын удирдлагыг Ерөнхийлөгч шууд томилдог. Тэгэхээр Жанжин штабын дарга тэдгээрийг томилсон учраас доод албан тушаалтнууддаа хариуцлага тооцох ёстой. Хуулийн дагуу шат дараалалтай явах ёстой. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа асуудлыг тавина” хэмээн ярьжээ.

Цэрэг эрс амь үрэгдсэн асуудал дээр олон нийт улс орны батлан хамгаалах салбарын жолоог атгаж яваа, УИХ-д хэд хэдэн удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж үзсэн, үндэсний бөхийн их аваргаас арай л өөр, хүнлэг нинжин гэмээр хариулт хүлээж байсан юм. Гэвч цаг нь ирэхэд Б.Бат-Эрдэнэ сайд “хариуцлагыг би хүлээхгүй, өөр нэгэн хүлээнэ” хэмээн хэлжээ. Асуудлыг хуулийн дагуу ийм шат дамжлагаар шийддэг байж болно. Харин сайдын үүнийгээ илэрхийлж байгаа өнгө нь монголчуудын хоржоонтой хэлц үгийн санд байдаг “Би үхэхээр чи үх” гэдэг үгийг санагдуулам, үүнтэй агаар нэг ойлгогдож байгаа  нь гунигтай.

 Д.ХАЛИУН

By updown

2 thoughts on ““Би үхэхээр чи үх””

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн