Сүүлийн үед хар тамхины хэрэг ихээхэн газар авч, илрүүлэлт нь шуурхай байгаа нь өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлуудаас харагдаж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллага өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр шуудан илгээмжээр мансууруулах бодис оруулж ирдэг байсан Нигер улсын иргэдийг саатуулсан. Тэд англи хэлний сургалтын төвд багшлах нэрийдлээр ийнхүү хар тамхины наймаа эрхэлдэг байсан аж. Мөн энэ долоо хоногт 19-32 насны гурван иргэнийг саатуулж, хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх мансууруулах бодис хураан авсан байдаг.
Тэгвэл дахин нэг ноцтой хэрэг илрүүлсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. Уг хэрэгт шүүхийн ажилтан холбогдсон учраас хуулийн байгууллагаас хэргийг нууцлан өнгөрөөх сонирхолтой байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар хамтран өнгөрсөн сард ICE буюу мөсийг бусдад худалдаалж байгаа гэх мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Шалгалтын явцад хар тамхи худалдаж авдаг бүлэг этгээдийг илрүүлэн саатуулахад, тэд шүүхийн ажилтнаас хар тамхи авдаг байсан нь тогтоогджээ.
Шүүхийн ажилтны талаар нэхэн сурвалжилвал, тухайн этгээд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цахилгаанчнаар ажилладаг бөгөөд эд мөрийн баримтаар хураан авсан хар тамхийг бусдад худалдаалж байсан аж.
Хар тамхины хэрэгт шүүхийн ажилтан холбогдож, тэгэхдээ бүр эд мөрийн баримтаар хураан авсан хар тамхийг худалдан борлуулж байсан асуудал нь ШЕЗ-ийн удирдлагуудад хүнд цохилт болжээ. Тиймээс ШЕЗ-өөс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд эд мөрийн баримт хадгалалт, хамгаалалтад гэнэтийн шалгалт зохион байгуулж байгаа хэмээн шүүх дэх эх сурвалж мэдээллээ.
Энэ бүхнээс харахад хар тамхины наймаа гэдэг бол зөвхөн энгийн иргэдийн асуудал биш болж, хууль хяналтын байгууллагынхан хүртэл холбогдсон нэлээн ноцтой асуудал болж байна. Өмнө нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Х.Тамир хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн. Прокурор нь хар тамхины хэрэгт холбогдсон ноцтой асуудал дөнгөж шийдэгдээд дуусч байтал одоо шүүхэд ажилладаг цахилгаанчин эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхийг бусдад худалдаалсан ноцтой хэрэг гарлаа.
Он гарснаар ЦЕГ болон Гаалийн Ерөнхий газраас хар тамхины 24 хэргийг илрүүлэн шалгаж байна хэмээн мэдэгдэж, зарим нэг баривчилгаагаа нийтэд ил тодоор бичлэгтэй, зурагтай нь мэдээлсэн. Гэтэл тэдний хураан авсан хар тамхи, мансууруулах бодис хаана хэрхэн яаж хадгалагддаг, хэрхэн яаж устгагддаг нь тодорхойгүй байна. Сүр дуулиантайхан хэргийг илрүүлж, хураалаа, шалгалаа хэмээн мэдээлсэн ч хураагдсан эд зүйл, хар тамхи нь энэ мэт хууль, шүүхийнхний гараар буцаад эргэлтэд ордог бизнес болчихоогүй байгаа гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна.
Эх сурвалж: zaluu.com
1 comment
Эба цалинг нь бага л нэмж дээ