Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-ын Гилеад Сайнсес компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк эргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Архангай аймгийн “Элэгний эмгэггүй Архангай” төсөлд дэмжлэг үзүүлж дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг “Хүртээмж” хөтөлбөрийнхөө хүрээнд Гилеад Сайнсес компаниас 3000 хүн тун Харвони эм хандивлахаар шийдвэрлэж эхний 1000 хүн тун эм хэрэглэгчиддээ хүрээд байна. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж иргэдийнхээ элэгний өвчлөлийг бууруулах, цаашлаад монгол хүн бүрийг элэгний С вирусээс хамгаалах зорилго тавиад байна.
Элэгний С вирусыг 98 хүртэл хувийн үр дүнтэй эмчилдэг Харвони эм нь дэлхийн зах зээл дээр ижил төрлийн үйлчилгээтэй ерөнхий нэршлийн эмнүүдээс хамгийн өндөр үнэтэй борлуулагддаг. Гэсэн ч бизнесийн зорилгогүйгээр Архангайн иргэдэд хандивлаж, Засгийн газраас нь дэмжлэг үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлсэн хэрэглэгчдэд ач тусаа өгч байна гэж Гилеад Сайнсес компанийн төлөөлөл хэлээд Цаашид “Хүртээмж” хөтөлбөрөө Архангай аймагт бүрэн хэрэгжүүлж дуусгана гэлээ.
Архангай аймагт эхлүүлсэн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээрэй, Цаашид бусад аймагт хэрэгжүүлэх тохиолдолд бизнесийн зарчмаар ажиллах учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.